Австрид сурч, амьдарч буй монголчуудын “Нарны баяр” уламжлалт спорт өдөрлөг энэ сарын 11-нд болж, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даамаар өрсөлдлөө.
Сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй нийт 8 баг өрсөлдсөнөөс эрэгтэй сагсан бөмбөгчдийн “Вена-АМОХ” баг тэргүүн байр, удаах байрыг “Залцбург” баг, гуравдугаар байрыг “Вена II” баг, эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэгдүгээр байрыг “Грац” баг, хоёрдугаар байрыг “Линц” баг, гуравдугаар байрыг “Вена” баг тус тус эзлэв.
Шатрын тэмцээнд Ж.Лхагваням хошуучилж, даамны аваргаар Э.Үүрцолмон, гурвын зайны шидэлтийн аваргаар Э.Ууганбаяр нар шалгарав. Харин ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүдээс Маберхард, эмэгтэйчүүдээс Х.Цэрэнжав нар тэргүүн байрт шалгарчээ.
“Нарны баяр” спорт өдөрлөгт оролцохоор Австрийн бусад хот болон Чехээс ирсэн тамирчдад зориулан Вена хотын захиргаанаас тус хоттой танилцах аялал зохион байгуулав.
Мөн өдрийн орой оюутан залууст зориулсан хүлээн авалтыг тус хотын захиргааны байранд хийж, Вена хотын спортын асуудал хариуцсан зөвлөх Кристиан Оксонич хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосон ойн жил монгол залуус олон үндэстэн амьдардаг Вена хотод хуран цуглаж, спортын арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд амжилт хүсэв.