Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Швейцарийн Swissmade Mongolia компанийн Ерөнхийлөгч Даниель Кундег, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Алмут Мершер нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани Өмнөговь аймгийн Даланзадгад хотын хөгжлийн төлөвлөгөөг гаргаж өгөхөөс гадна нийслэлийн дүүргүүдэд нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга, байгууламжийн зураг төсөл, гүйцэтгэлийн ажил хийж өгөх хүсэлтээ сайдад илэрхийллээ.
Нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгын цэвэр ашиглалтын талбай нь 2,400 мкв байна. Гүржийн Тбилист барьсан загвараар ийм үйлчилгээний газар барих саналаа илэрхийллээ.
Эхний ээлжинд хүн ам ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барьж болох юм гэж сайд хэлэв. Энэ төвөөр иргэд үйлчлүүлж, бичиг баримтаа сунгуулах, иргэний үнэмлэхээ авах гэх мэт өөрт хэрэгтэй үйлчилгээг нэг дороос авах нь их чухал. Цаашлаад нийслэлийн бүх дүүрэгт ийм үйлчилгээний барилга чухал болохыг онцолсон. Тиймээс энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй тэднийг уулзуулахаар боллоо.
Түүнчлэн Даланзадгад хот төдийгүй бусад хотуудын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийн тендерийн ажлыг түргэвчлэнэ. Энэ ажлыг Худалдан авах ажиллагааны газарт ирэх долоо хоногт хүргүүлнэ гэж хэллээ.