БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хон Гю өнөөдөр /2013.05.14/ УИХ-ын даргад бараалхав. Уулзалтын эхэнд Парламентын тэргүүн З.Энхболд манай улсад Элчин сайдаар суухаар итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан ноён Хон Гю-д ажлын амжилт хүсэв. Түүнчлэн хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Ноён Хон Гю БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бокын мэндчилгээг уламжилж, хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдав. Элчин сайд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан төлөөлөгч солилцохыг дэмжиж ажиллахаа мэдэгдэж, УИХ-ын даргыг тааламжтай цагтаа БНАСАУ-д айлчлахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.