Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Японы Шизүока мужийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Японы Шизүока мужийн Аймаг гадаад харилцааны салбарын орлогч дарга Савай Тоорү, менежер Ясүтоши Маешима нар Монголд хөгжмийн зэмсэг дахин бэлэглэх талаар ярилцав.
Японы Шизүока мужаас Монгол Улсад хөгжмийн зэмсэг бэлэглэх санаачлага гаргаж, эхний ээлжинд үлээвэр хөгжмүүдийг хүлээлгэн өгөөд байгаа билээ. Дээрх уулзалтын үеэр энэ үйл ажиллагааг уламжлал болгож, жил бүр хөгжмийн зэмсэг бэлэглэж байх саналыг Шизүока мужийн зүгээс тавьжээ. Чухам ямар төрлийн хөгжмийн зэмсэг бэлэглэхийг Монголын талаас санал авсны дагуу шийдэх аж.
Мөн уулзалтын үеэр 120 хүний бүрэлдэхүүнтэй Шизүока мужийн захиргааны багийн ирэх наймдугаар сарын 12-17-ны хооронд Монголд хийх айлчлалын талаар ярилцав. Айлчлалын үеэр концерт зохион байгуулах саналтай байгаагаа Тамгын газрын дарга П.Цагаанд уламжилсан. Уг тоглолтод Шизүока мужаас бэлэглэсэн хөгжмийн зэмсгийг ашиглахаар төлөвлөжээ.
Хариуд нь П.Цагаан урлагийн тоглолтыг дэмжиж, хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.