logo
Хүний наймаатай тэмцэх асуудлаар үг хэлэв

Хүний наймаатай тэмцэх асуудлаар үг хэлэв

2013/05/15
Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар баталсан тогтоолын дагуу "Хүний наймаатай тэмцэх асуудлаарх" өндөр хэмжээний уулзалт өнөөдөр Нью-Йорк хотноо үйл ажиллагаагаа эхлэв.

Өндөр хэмжээний уулзалтад нийт 190 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Финландын Парламентын дарга, Люксембургийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд зэрэг өндөр албан тушаалтнууд, түүнчлэн 30 гаруй орон Засгийн газрын гишүүний түвшинд, 20 гаруй орон дэд сайд, ТНБД-ын түвшинд оролцож байна.

Өндөр хэмжээний уулзалтыг нээж, ЕНБД Бан Ги Мүүн хэлэхдээ "Хүний наймааны асуудал нь олон улсын түвшинд тулгарч байгаа хамгийн том сорилтын нэг болоод байна. Хүний наймааны гол хохирогчид нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаад сэтгэл нэн түгшиж байна. Хүний наймаатай тэмцэх асуудлаарх Паллермагийн нэмэлт Протоколд бүх гишүүн орнууд нэгдэж орох, Хүний наймаатай тэмцэх асуудлаарх олон улсын хэмээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах болон Хүний наймаатай тэмцэх Итгэлцлийн санд татвар хандив өргөх гэсэн 3 асуудалд нэн яаралтай анхаарлаа хандуулахыг гишүүн орнуудад хандан уриалж байна" хэмээн цохон тэмдэглэв.

ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж үг хэлсэн бөгөөд хүний наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх болон хохирогчдыг хамгаалах асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. 2011 онд УИХ-аар баталсан Хүний наймаатай тэмцэх тухай хууль нь уг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон хохирогчдыг хамгаалахтай холбогдсон бодлогын үндсэн тулгуур баримт бичиг болж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн 2009 онд Хүний наймаатай тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан бөгөөд салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, үндэсний хэмжээнд хүний наймаатай тэмцэх асуудлыг сайжруулах зорилго бүхий "Үндэсний зөвлөл" байгуулагдан ажиллаж байгааг мэдээллээ.

Засгийн газраас санаачилсан Шүүхийн шинэтгэлийн хүрээнд үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, улмаар дотоодын холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан бөгөөд "Хүний наймаатай тэмцэх асуудлаарх олон улсын хэмжээний төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхи чармайлттай ажиллахаа нотлов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш