logo
Ц.Отгонбагана: 80 бага сургуулийг 4 жилийн хугацаанд барина

Ц.Отгонбагана: 80 бага сургуулийг 4 жилийн хугацаанд барина

2013/05/15
НИТХ-ын ээлжит хуралдаанаар  “80 бага сургуулийн байршил тогтоох” тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Цаашид ажил хэрхэн үргэлжлэх талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.
-“80 бага сургуулийн байршил тогтоох” тухай асуудал батлагдлаа. Сургуулиуд хаана хаана баригдах, ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу.
-Дэлхийн ихэнхи оронд ахлах, дунд, бага ангийнхан тус тусдаа сургуульд суралцдаг жишиг бий. Үүний адил олон улсын стандартын дагуу бага сургуультай болох ажил амжилттай эхэллээ. Хамгийн чухал нь боловсролын үйлчилгээг иргэдэд, сурагчдад ойртуулж тэдний аюулгүй байдлыг хангасан сургуулиудийг барихаар төлөвлөсөн. Энэ нь шинэ суурьшлын төвөөс 500 метрийн   радиус дотор 240 000 хүүхэд суралцах нөхцлийг бүрдүүлэх юм. Дүүрэг бүрээр нь ангилбал  Баянгол дүүрэгт 1500 хүүхдийн 5, Чингэлтэй дүүрэгт 2400 хүүхдийн 8, Сүхбаатар дүүрэгт 2700 хүүхдийн 9, Хан-Уул дүүрэгт 3000 хүүхдийн 10, Сонгинохайрхан дүүрэгт 7200 хүүхдийн 24, Баянзүрх дүүрэгт 7200 хүүхдийн 24 сургууль баригдана. Хүүхдүүд сургуульдаа явах гэж олон буудал газар дамжин явж, эцэг эхчүүд ч хүүхдээ хүргэж өгөх гэж цаг хугацаа алддаг. Нөгөөтэйгүүр ахлах, дунд ангийнхантайгаа олон ээлжээр хичээллэх нь бага ангийн сурагчдад муу үлгэр, дууриал болохоос гадна тоосжилт, бохирдолд эрүүл мэнд нь аажмаар хохирч байгаа гэх судалгаа бий. Гэр, ажилд нь ойрхон  зориулалтын бага сургууль баригдахаар эцэг эх, багш нарын хоорондын харилцаа сайжирч, хүүхдийн сурлагад ч эерэгээр нөлөөлнө гээд бүх асуудал шийдэгдэнэ гэж бид үзэж байгаа.
-80 бага сургуулийн байршлыг ямар үндэслэлээр тогтоосон бэ?
-Тодорхой хэд хэдэн үндэслэл бий. Нэн түрүүнд ямар ч сургуульгүй 19 хороо байдаг. Эдгээр  хороодыг бага сургуультай болгоно. Мөн олон ээлжээр хичээллэж, ачааллаа дийлэхээ байсан сургуулиудын ачааллыг багасгах, гэр хорооллын дахин төлөвлөлтөд тусгагдсан төлөвлөгөөт сургуулиудыг  барихаар төлөвлөсөн. Хамгийн гол нь сургууль барих шаардлага их ч газрын асуудал хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Үнэндээ замбараагүй хот төлөвлөлтийн балагаар олон асуудал хойш тавигдаж байна. Өнөөдрийн байдлаар 80 бага сургуулийн 21-ийг нь барих газрын асуудлыг шийдсэн.
-Эдгээр сургуулийг хэзээ баригдах бол гэсэн хүлээлт эцэг эхчүүдэд их байна. Хэдэн жилийн хугацаанд баригдаж дуусгахаар төлөвлөж байгаа вэ?
-Эхний ээлжийн байршлыг тогтоох тухай асуудал батлагдлаа. Дараагийн ээлжинд сургуулиудын загвар зураг хийх, төсөв санхүүг шийдвэрлэх асуудал яригдана. Санхүүжилтыг улсын төсвөөс хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил газрын асуудал нь шийдэгдсэн 21 байршилд барилгын ажил эхлэх боломж бий. Гэхдээ энэ нь тодорхой цаг хугацаа шаардах ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндсэндээ 4 жилийн дотор 80 бага сургуулиа барина.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш