МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон гүйцэтгэх хорооны мэргэжилтнүүд “Үндэсний мод тарих өдөр”-ийг тохиолдуулан Төв аймгийн Эрдэнэ сумын “Эрдэнэ МСҮТ”-д зочилсон байна. Тэд тус сургуулийн багш, ажилчид, сурагчдын хамт 150 гаруй мод бут тарихын зэрэгцээ “Эрдэнэ МСҮТ”-ийн оюутан залуучуудтай уулзаж, санал бодлыг нь сонсож, нээлттэй ярилцлага өрнүүлсэн байна. Тус МСҮТ нь 1955 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 300 гаруй суралцагч, 30 гаруй багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эрдэнэ сумын МСҮТ-ийн оюутнууд сард 40 000 төгрөгийн сургалтын стипент авч суралцдаг бөгөөд сургалтын төвийн хангамж сайтай, сургуулиа төгсөөд гарахад Хөдөлмөрийн яамтай гэрээтэй байдаг тул оюутнууд ажлын байрны хувьд захиалгатай байдаг гэх мэт олон асуудлуудад сэтгэл хангалуун байдгаа онцолж байсан юм. Тус МСҮТ-д 2 болон 2,5 жилийн хугацаатай 6 мэргэжлээр суралцдаг бөгөөд жилд 50 гаруй мэргэжилтнүүд төгсөн гардаг гэнэ. “Эрдэнэ МСҮТ” нь манайд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй Мэргэжил, Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдөөс анх удаа МЗХ-ны залуучуудын зөвлөлийг байгуулсан байна.