Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд боллоо. Тус хуралдааны эхний хэлэлцэх асуудал “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан юм. Уг асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын сайд нар байгаагүй учраас хэлэлцсэнгүй. Учир нь сайд нар шинэ онгоцоо хүлээж авахаар Буянт-Ухаа руу морджээ. Үүний дараа “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Ийнхүү ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, А.Телейхан нар гаргасан байна. Харин гишүүдийн ихэнх нь “Хууль хэрэгжээд хэдхэн сар болж байхад хяналт тавих нь буруу. Бусад улс орны жишгийг харахад тамхины хуулийн үр дүн 5-7 жилийн дараа харагддаг. Зарим гишүүд тамхины хуулийг унагах гэсэн зориуд лоби хийж байна” гэсэн юм. Ийнхүү санал хураахад ихэнх гишүүд ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ. Ингэснээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.