УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2013.05.15/ үдээс өмнө Б танхимд хуралдлаа. Эхлээд Импортын мод модон материалын талаар баримталж байгаа бодлогын ач холбогдол нь Монгол Улсын ойн нөөцийг хамгаалахад үзүүлэх нөлөөллийн талаар Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны мэдээллийг сонсов.
Импортоор орж ирж байгаа зүсмэл модон материалын чанар дотоодынхоос илүү, тоо, хэмжээ нь стандартад нийцдэг нөгөө талаар дотоодын үйлдвэрүүдийн техник технологийн түвшин дэлхийн түвшинд хүрснээр үйлдвэрлэл явуулахад нь чанартай түүхий эд шаардлагатай болж байгаа зэргээс шалтгаалан мод модон материалын импортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2005 онд 5425.5 шоометр мод импортолсон бол 2011 онд 41041.4 шоометр мод модон бүтээндхүүн импортоор оруулж ирсэн байна. Тиймээс импортын мод модон материалыг НӨАТ-аас чөлөөлүүлэх, улмаар ОХУ-аас бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал зэргийг хөнгөлэлттэй нөхцөлөөр импортлох, тус улсад ойн сан гэрээгээр эзэмших чиглэлээр хэлэлцээр хийх хамтран ажиллах шаардлагатай байгааг сайд С.Оюун танилцуулав.
Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлэхдээ олонхи нь мод модон материалын импортыг НӨАТ-аас чөлөөлөх нь зөв гэсэн байр суурьтай байлаа. Харин ойн нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх тал дээр хийж байгаа ажил хангалтгүй, шинэ техник, технологи нэвтрүүлэх судалгаа хийгдэхгүй байгааг анхааруулж байв.
Гишүүн Л.Энх-Амгалан, зөвхөн нэг жилд 2 сая шоометр мод түлээнд хэрэглэсэн, ялангуяа сумдын эмнэлэг, сургууль, цэцэрлэг хамгийн их мод хэрэглэдэг, ийм байдлаар явбал ойрын 3-5 жилд 8 аймаг ой модгүй болно гэсэн судалгаа байдаг. Тиймээс сумдын төрийн байгууллагуудын эрчим хүчний хангалтын асуудлыг шийдэж, модны хэрэглээг багасгах хэрэгтэй.
Гишүүн Д.Арвин ойгоо цэвэрлэхгүй бол ой мод ургуулах тухай яриад нэмэргүй, энэ ажлыг ойн нөхөрлөлөөр хийлгэж, иргэдийг ажлын байраар хангах, ой цэвэрлэснээр түлшний модны нэг биш жилийн хэрэглээг хангах модтой болох боломжтой байна, гэтэл иргэдийг тусгай хамгаалалттай газарт оруулж ой цэвэрлүүлэх нь эрсдэлтэй гэсээр олон жил зүгээр суулаа, тиймээс би ой хамгаалах, цэвэрлэх Ажлын хэсэг байгуулах санал гаргаж байна гэв.
Гишүүн Б.Гарамгайбаатар мод импортоор оруулж ирэх тухай яриад байгаа хирнээ орж ирсэн модоор хэрхэн үйлдвэрлэл явуулах тухай огт ярьсангүй, гэтэл бидний сумдыг барилгажуулна гээд байгаа канад технологи одоо эргээд модыг хэмнэдэг технологи нэвтрүүлж эхлээд байгааг судалж үзсэн үү? ОХУ-аас орж ирдэг түймрээс сэргийлэх талаар юу хийв? Түймэр унтраах шинэ технологи манайд байхгүй, хүний амь эрсдэхэд хүргэдэг аргаа хэрэглэсээр байх уу? гэсэн асуултууд тавьсан бол
Гишүүн Ж.Энхбаяр түймрээс сэргийлэхэд Хилийн цэргийн хүчийг, ойг цэвэрлэхэд Дотоодын цэргийн хүчийг ашиглах, төмөр замын дэр мод, өндөр хүчдэлийн шон модонд мод ашиглаж байгааг бүрэн зогсоох шаардлагатай байгааг онцолж,
Гишүүн Г.Баярсайхан Засгийн газраас Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн мод, модон материалын импортыг чөлөөлөх асуудал, ойн санг хамгаалах асуудал нь тун чухал, зөв алхам болсон байна гээд Канад зэрэг оронд модыг хурдан ургуулж, үйлдвэрлэлд ашигладаг технологийг манайд нэвтрүүлэх санаачлага байгаа эсэхийг лавлав.
Гишүүн С.Дэмбэрэл Монгол орны ойн нөөц, хамгаалалт, хулгайгаар мод бэлтгэж байгаа нөхцөл байдал, мод модон материалын үйлдвэрлэл, импортын талаар сарын хугацаанд бүрэн судалгаа гаргаж ирэх үүрэг даалгавар өгч, тэдгээр мэдээллийг үндэслэн асуудлыг дахин нухацтай хэлэлцэж, цаашид хэрхэх талаар тодорхой бодлого боловсруулах шаардлагатай гэв.
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны дараагийн асуудлаар Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгийн мэдээллийг сонсов. Барилга хот байгуулалтын яамнаас сумдыг канад технологиор барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ үйлдвэрлэлд шаардлагатай барилгын модон материалыг ОХУ-аас оруулж ирэхэд импортын хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг тэрээр мэдээлсэн юм.
БОХХААБХ-ны Ажлын албаны зөвлөхөөр Я.Хишигт томилогдон ажиллах болсонтой холбогдуулан 2013 оны 2 дугаар сарын 19-ний тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мөн батлав.
Ингээд хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж дуусаад гишүүн Д.Арвины гаргасан саналыг үндэслэн Монгол орны ойг хамгаалах цэвэрлэх Ажлын хэсэг байгуулах мөн мод модон материалын импортыг дэмжих чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг даалгавар Засгийн газарт өгөх шийдвэрийг гаргав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.