УИХ-ын гишүүн А.Бакей “Тамхины хяналтын тухай хууль батлагдаж эхлээд гурван сар болж байна. Хууль батлагдаад зургаан сар ч болоогүй байхад тал талаас нь хянах асуудлыг тавьж байгаа нь хэрэгжилт буруу тийшээ явна гэсэн үг. Намрын чуулганы завсарлагаар иргэдтэй уулзаж энэ хуулийн талаар танилцуулж явахад хуулийг сайн талаас нь их ярьж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавиад явах хэрэгтэй. Иймд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Энэ хууль ойрын хугацаанд гарсан хуулиудаас хамгийн сайн хэрэгжиж байгаа хууль гэж ард иргэд маш талархалтайгаар хүлээж авч байгаа. Сургуулиас 500 метр зайд тамхи зарахгүй байх хуулийн заалтыг авч хаяхын төлөө л энэ ажлыг хэсгийг байгуулах гээд байгаа юм байна гэж ойлгож байна. Би сумын ард иргэд, эмэгтэйчүүдтэй уулзсан. Тэд энэ заалтыг авч хаях вий, үүний төлөө тэмцээрэй, энэ хууль гарснаар сумын төв дээр тамхидалт үнэхээр багасч байгаа шүү гэдэг асуудлыг ярьж байгаа. Иймд өнөөдөр ажлын хэсэг байгуулах болоод хуулинд өөрчлөлт оруулах ямар ч шаардлага байхгүй“ гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол Улс дэлхий дээр ганцаараа ийм хууль гаргачихаад байгаа юм байхгүй. Бусад олон улс оронд тамхины эсрэг хууль гаргасан. Үр дүн нь 5-7 жилийн дараа гарна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байгаа. Иймд энэ хуулийн үр дүнг одоо хэлэлцэхэд эрт байна. Зарим гишүүд энэ хуулийг үр дүн муутай болсон гэж ярьж байгаа нь буруу. Цөөн хэдэн лоббины цаана багаа хүмүүийн төлөө байх уу, иргэдийн ирээдүйн төлөө байх уу. Иргэд тамхидалттай тэмцэх хуулийг сайн болсон гэж дэмжиж, үүний дараа архины эсрэг хууль гаргаж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Тамхи худалдаалж борлуулдаг найман нэрийн барааны дэлгүүрийн эздийг ойлгож байгаа. Өөр ашиг олох бараа таваар энэ хорвоогоор дүүрэн байгаа шүү дээ. Энэ хуулийн хэрэгжилтэд мөнгө төгрөг, цагдаагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлээд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Харин хүний сэтгэхүйд зөв дадал хэвшил суулгах нь чухал” гэдгийг хэлсэн юм.
Тус Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хэлэхдээ, "энэ асуудал манай Байнгын хороон дээр яригдах ёстой асуудал. Байнгын хороонд найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд, иргэдийн зүгээс энэ асуудлаар маш олон санал ирүүлсэн. Иймд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж асуудлыг яриад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Түүнээс сайн дураараа энэ асуудлыг шийдэх гээгүй. Энд ямар ч лобби байхгүй, иймээс янз бүрийн хардалт байж болохгүй ” гэсэн тайлбарыг өгсөн.
Ингээд уг асуудлаар Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад уг саналыг хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь дэмжээгүй тул Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.