logo
Р.Бурмаа: Нэр дэвшигчид албан тушаалаа сонгуулийн сурталчилгаанаас зааглах ёстой

Р.Бурмаа: Нэр дэвшигчид албан тушаалаа сонгуулийн сурталчилгаанаас зааглах ёстой

2013/05/16
Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмүүдийн нэр тодорсон. Нэр дэвшигчид одоо ямар ямар хуулийн заалтуудын биелүүлж ажиллах вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 22-нд олгоно. Энэ өдрөөс эхлээд нэгэн зэрэг сурталчилгаагаа эхлүүлнэ гэсэн үг. Сурталчилгаагаа 34 хоногт багтааж хийхээр хуульд заасан. Мөн нэр дэвшигч одоогоор өөрийн гүйцэтгэж байгаа албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй. Харин албан ажлаа сонгуулийн сурталчилгаанаасаа зааглах ёстой. Нэр дэвшигчид бүгд адилхан төрийн хамгаалалтад байна. Гэхдээ сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагч болоод төрийн эд хөрөнгө, унаа, машиныг ашиглахгүй. Сонгуулийн үед  тусгай ухуулагч нар ажиллана. Тэд нь бүгд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд үнэмлэх зүүж ухуулна. Нэр дэвшигч дуртай газраа самбар авахгүй энэ тоог хуулиар хязгаарласан. Мөн  тарааж өгөх материал нь ч хязгаартай. Телевизийн суваг эргүүлэх болгонд л сурталчилгаа явахгүй байх үүднээс нэр дэвшигчдийн сурталчилгаа хийх цаг бүгд нь адил хэмжээтэй байна. Далд сурталчилгааг хориглосон. Бүх нэр дэвшигчийн штабаас ирүүлж байгаа сурталчилгаа нь хаягтай байна. Хаягтай нэвтрүүлгээр хүн доромжилсон хийгээд гүтгэсэн бол  хариуцлагийг тухайн нэр дэвшигч хариуцана гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн хаяггүйгээр хэн нэгнийг гүтгэсэн доромжилсон эсвэл хэн нэгнийг магтан дуулж, далд сурталчилгааг зааж өгсөн хэмжээнээс гадуур хийх юм бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээнэ. Үүн дээр Шударга өрсөлдөөн хэрэгчлэгчийн төлөө газраас хяналт тавина.

-Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллага хууль зөрчсөн бол ямар хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байгаа вэ?

 -Хэрвээ хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдох юм бол лицензийг гурван сар хүртэлх хугацаагаар зогсоох заалттай.

-Өмнөх сонгуулиудаар бараг л айл бүрээс нэг хүн ухуулагч сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан. Үүн дээр хязгаарлалт хийсэн үү?

- Энэ хуулиар нэг ухуулагчид 200 сонгогч ноогдохоор хуваарилалт хийнэ. Тэр ухуулагч нар нь бүртгүүлээд ухуулагч мөн гэсэн тэмдэгээ ил зүүгээд байна. Мөн сурталчилгаанд явж байгаа машин тэрэгүүд ч мөн ухуулга сурталчилгаа хийж байгаа гэдэг таних тэмдэгтэй байна. Төрийн албан хаагч, насанд хүрээгүй хүүхдийг  сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй. Ажилд оруулж өгнө, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлнэ, хувь хишиг хүртээнэ гэх мэт мөнгөн хэлбэрийн амлалтууд өгөхгүй. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд л сонгуулийн сурталчилгаагаа хийж юм. Мөрийн хөтөлбөрийн Төрийн аудитын газраас хяналт хийнэ. Хаана туг байрлуулах вэ, ухуулагчийн байрыг хаана ажиллуулах вэ гэдэг нь бүгд хуульд нарийн заасан. Айлд очоод мөнгө өгөөд “Танай байр ухуулаг хийх байр шүү. Та гэрээгээр хэдэн хүн ухуулагчаар ажиллуулаарай” гээд мөнгө тараах явдлыг зогсоосон. Энэ удлаагийн сонгуулиар нэр дэвшигч үүрэг телефоны утсаар мессеж илгээх, гудамжны самбарууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гээд нэлээд олон сувгаар сурталчилгаа хийх боломжтойгоор зохицуулсан.

-Дээрх сурталчилгаанууд дээр  ШӨХТГ-аас хяналт тавих уу?

-ШӨХТГ-аас далд сурталчилгаанд хяналт тавина. Дээр нь СЕХ-ны дэргэдэх хэвлэлийн зөвлөлөөс хяналт тавина. Төрийн бус байгууллагууд ажиглалт, монинторинг хийх эрхээ бүртгүүлээд авч болно. Жишээлбэл, Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл зэрэг мэргэшсэн хөндлөнгийн байгууллагууд хяналт тавина. Тэр байгууллагууд Ерөнхийлөгчийн сонгуульд мэдээллийн тэнцвэртэй байдалд хяналт тавих эрхтэй. Дотоод, гадаад хөндлөнгийн гээд олон төрлийн хяналтуудыг баталгаажуулж өгсөн.

-Олон Улсын байгууллагуудаас бас ажиглалт хийх үү?

-Олон Улсын 300-аад төлөөлөгч ажиллаж байгаа гэсэн. Хуучин гадаад улсын ажиглагч илүү давуу эрхтэй байсан. Харин одоо дотоод ажиглагч давуу эрхтэй байгаа. Нэр дэвшигчээс гадна ТББ-ынхан ажиглалт хийх эрхтэй. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа монголчууд саналаа өгөхөд нь тэнд амьдарч байгаа Монголчуудын холбоо ТББ өөрсдөө ажиглалтыг зохион байгуулах эрхтэй болж байна гэсэн үг. Өмнө нь заавал нэр дэвшигчийн юмуу намын ажиглагч нар ажиглалт хийдэг байсан шүү дээ. Тэгэхээр одоо сонгогчдын эрх ашгийн үүднээс сонгууль хэрхэн үнэн зөв явж байгаад ТББ-ууд ажиглалт хийж болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгууль өгөх таатай боломжийг энэ сонгуулийн хуульд оруулж өгсөн. Үүн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-аас хяналт тавьж болно.

-Хяналтын процессуудаас гадна сонгогчийн эрхийг хамгаалах нь яах аргагүй чухал асуудлуудын нэг. Үүнийг хэрхэн зохицуулж өгсөн бэ?

-Сонгогчийн саналыг худалдаж авахаар мөнгө, эд бараа тараасан бол түүнийгээ цагдаагийн  байгууллагад мэдэгдэнэ. Тэгээд энэ нь баримтаар нотлогдвол тэрхүү мөнгөн дүнг эд барааний үнийн дүнгээс нь 20 дахин илүү хэмжээний мөнгийг СЕХ гаргаж өгнө. Тэгээд дараа нь СЕХ буруутай эдгээдээс нөхөж авах юм. УИХ-ын 2012 оны сонгуулиар Увс аймагт айлд ороод “Танай гэрийг сурталчилгааны байр болголоо” гээд 100, 100 мянган төгрөг тараасныг шударга иргэд гэрчлээд шүүхэд өгсөн. Тэр нь баримтаар нотлогдоод 13 иргэн 100 мянган төгрөгөө сая төгрөг болгож авахаар боллоо. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар 100 мянган төгрөг нь 20 дахин үржээд хоёр  сая төгрөг болон шударга иргэдэд очих юм. Тэгэхээр сонгогчидтойгоо нийлж   сонгуулийн луйвраас сэргийлэх, сонгуулийг шударга болгоход чиглэсэн хууль болсон. Өмнө нь нэр дэвшигчид болоод намуудын хоорондын ажил мэт байдаг байсан бол энэ удаагийн сонгуулийн хууль нь сонгогчийн талаа дээдэлсэн хууль болж байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулж эхэлснээс хойш иргэд өөрийн цахим хуудсаараа нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн зүйлүүдийг явуулж эхэлсэн. Үүнийг хуулира зохицуулж өгсөн болов уу?

-Сонгуулийн хуульд хувь хүн өөрөө үзэл бодлоо илэрхийлэхэд түүн дээр хязгаарлалт тавих зохимжгүй. Энэ бол хувь хүн үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр. Харин зохион байгуулалтайгаар нэр дэвшигчийн зүгээс хийж байга бол хязгаарлалтууд байгаа.

-Нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татах боломжтой юу?

-Нэр дэвшигчийн үнэмлэх гарснаас хойш нам нь ч, нэр дэвшигч нь ч өөрөө нэрээ татах боломжгүй. Нэр дэвшигчийг бүртгэснээс хойш хуулийн шаардлага хангаагүй, нэр дэвшүүлэх ажиллагаа нь хууль бус болсон тохиолдолд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгож болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш