Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани түүхэндээ анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Боинг үйлдвэрт захиалан хийлгэсэн шинэ “Боинг767-300ER” агаарын хөлгийг эх орондоо хүлээн авлаа. 2011 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээнд гарын үсэг зурж байсан бол хоёр жилийн дараа эхний онгоцоо ийнхүү хүлээн авч байна.
“Олон жил гаднын онгоц түрээслэж байсан бид өнөөдөр өөрийн гэсэн шинэ агаарын хөлөгтэй болсон нь монгол хүн бүрийн баяр бахдлыг төрүүлж байгаа нь лавтай. Бид дэлхийн хаана ч хүрэх жигүүртэй боллоо” гэж шинэ хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. 114 сая долларын өртөгтэй “Боинг 767-300ER” онгоц нь суудал бүрийн ард дэлгэцтэй бөгөөд зорчигчид хөгжим сонсож, кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна хаана яваагаа газрын зураг дээрээс харах, онгоцны далавч, их биеийн дээд болон суурин хэсэгт байрлуулсан камераар гадаад орчноо ажиглах зэрэг нислэгийн үед зорчигчдыг уйдаахгүй төрөл бүрийн программ суурилуулжээ. Бизнес ангиллын 25 суудал нь бүгд ор болж тэнийдэг зэрэг орчин үеийн агаарын хөлгийн стандарт бүхнийг шингээж бүтээсэн энэ агаарын хөлгийн нийт урт нь 54,9 метр, нислэгийн хурд нь 851 км/цаг бөгөөд 220 зорчигч, 12 000 кг ачаатайгаар 11 070 километр буулгүй нисэх боломжтой юм. Ийнхүү Монгол улс дэлхийн улс орнуудтай дөрөө харшуулах агаарын хөлөгтэй боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.