Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим уулзалтхийлээ. Анх удаа зохион байгуулж буй энэ уулзалтад Монгол Улсыг төлөөлөн суугаа 39 дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд нэг цагт, нэг дор холбогдож харилцан мэдээлэл солилцлоо.
Хөгжлийн томоохон төслүүдийн ажил урагшилж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэж, эх орныхоо нэр хүндийг өсгөсөн томоохон хурал чуулганыг амжилттай зохион байгуулж, хэд хэдэн орны төр засгийн өндөр албаныхны айлчлалаар үр дүнтэй хэлэлцээрүүд хийснээ Ерөнхий сайд танилцуулаад шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцлоо. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харилцааны сайд Л.Болд нар цахим уулзалтын үеэр нэмэлт мэдээлэл өгч, элчин сайдуудын асуултуудад хариулсан юм.
Мөн цахим уулзалтанд ноос ноолуур үйлдвэрлэгчид, дизайнеруудын төлөөлөл оролцлоо. Жилд 8-10 сая ширхэг цамц үйлдвэрлэх түүхий эдийн нөөцтэй манай улс нэг ноолууран цамцыг ердөө 51 ам.доллараар гадаад зах зээлд борлуулахад л хөл дээрээ босох боломжтой гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Үүний тулд ЭСЯ-ны дэргэд “Made in Mongolia- show room”үзэсгэлэнгийн танхим нээх, томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллахад зуучлах, техник технологийн болон импортын барааны олон улсын үзэсгэлэнгүүдийн мэдээ мэдээллийг үйлдвэрлэгчдэд хүргэж, холболт хийх нь чухал байна гэлээ. Түүнчлэн, Монголыг зорих жуулчдад визийн тамга дарахдаа ч сурталчилгааны материал өгөөд гаргавал бага гэлтгүй нэмэр болохыг үйлдвэрлэгчид хэллээ. Харин дизайнерууд ноолууран бүтээгдэхүүнийг 51 биш 500 доллараар борлуулах боломж бий. Үүний тулд дизайн, реклам, сурталчилгаа хэрэгтэй гэлээ.
Улам бүр үнэ цэнэд орсоор буй натурал-органик гэх тодотголтой, цэвэр байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй бүтээгдэхүүнээрээ танигдахад гадаад сурталчилгаа чухал үүрэгтэй. Монгол бойтогтой яг адил чанар, хийцийн бүтээгдэхүүнээрээ Австраличууд дэлхийн зах зээл эзэлж чадсан нь чухамдаа сурталчилгааны үр дүн гэж зарим төлөөлөгч хэллээ. Гэтэл Элчин сайдын яамдад сурталчилгааны бүтээгдэхүүн дутагдалтай байгааг дипломат албаныхан Ерөнхий сайдад хэлж, үйлдвэрлэл, брэнд, аялал жуулчлалын салбарын шинэ мэдээллүүдийг багтаасан, олон хэл дээрх гарын авлага, материалаар тасралтгүй хангаач гэсэн хүсэлт тавьсан. Харин энэ тухайд МОНЦАМЭ агентлагийн зүгээс боловсон хүчин, техникийн боломждоо тулгуурлан гол гол хэлээр сурталчилгааны материал бэлтгэн хүргэх боломжтой гээд, санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Малчдаа дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, олон ажлын байр бий болгох гээд давхар давхар ач холбогдолтой хөнгөн үйлдвэрлэлийн энэ салбар хөл дээрээ босвол эдийн засгийн эргэлтэд чухал нөлөөтэй гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлээд, дипломат төлөөлөгчид сардаа ганц ч болов санаачилга гаргаж, бүтээлч ажил өрнүүлэхийг уриаллаа.
Гадаад орнуудад суугаа иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалсан, үндэсний бүтээгдэхүүний экспортыг нэмж, хоёр улсын эдийн засгийн эргэлтийг хэдэн хувиар өсгөсөн, тухайн орныхоо туршлагыг эх орондоо нэвтрүүлэхэд ямар санаачилга гаргаснаар нь дипломат төлөөлөгчдийн ажлыг дүгнэнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Хөрөнгө, цаг хэмнэж, ажил хэрэгч харилцаа бий болгодог цахим уулзалтыг цаашид тогтмолжуулж, бусад салбарын үйлдвэрлэгчдийг байнга оролцуулан санал солилцох, мөн хурдтай, эргэх холбоотой ажиллахын тулд Монголоос гадаад руу, гадаадаас Монгол руу чиглэсэн мэдээлэл солилцооны оновчтой механизм бий болгохыг Ерөнхий сайд Гадаад харилцааны сайдад даалгалаа. Ингэж хаа хаанаа сэтгэл, санаачилга гаргавал үндэсний брэндээ дэлхийд таниулах нь тийм ч холын зорилт биш гэж Ерөнхий сайд эцэст нь тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.