МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н. АЛТАНХУЯГ,
УИХ-ЫН ГИШҮҮН, УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ,
ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц. СЭДВАНЧИГ ТАНАА
2012 оны 12 дугаар сард Хөдөлмөрийн яам Оюу Толгой компани дахь гадаад болон монгол ажилчдын цалингийн зөрүү, хөдөлмөрийн харилцааны зөрчлийн талаар хяналт шалгалт хийж маш шаргуу ажилласны үр дүнд нилээд тооны ноцтой бөгөөд давтан зөрчлүүд илэрсэн тул Хөдөлмөрийн яамнаас Уул уурхайн яам, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон бусад холбогдох байгууллагуудад хугацаа заасан зөвлөмж бүхий үүрэг даалгавар хүргүүлсэн. Гэвч уг асуудал замхран чимээгүй болж улмаар ямар арга хэмжээг хэдийд, хэн авсан, үр дүн нь ямар байгаа зэрэг асуудал далд үлдэж байгаа тул Та бүхнийг энэ асуудалд нухацтай хандаж ард түмэнд мэдээлэхийг хүсэж байна. С.Гантуяа миний бие 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр энэ талаар анхаарч ажиллахыг Та бүхнээс хүсэж албан бичиг хүргүүлсэн. Та бүхэн энэхүү асуудалд анхаарлаа хандуулж Оюу Толгой компанид ажиллаж байгаа 8,000 /сүүлийн үед 11,000 гэсэн тоо цацагдсан/ монголчуудын хөдөлмөр эрхлэлт, улмаар амьжиргаа, нийгмийн сайн сайхны төлөө холбогдох арга хэмжээг авч өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсэж байна.
Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлүүдээс дурьдвал:
• Оюу Толгой ХХК дээр нарийн мэргэжлийн гэж заасан ажил, албан тушаал дээр уригдан ирж байгаа гадаад иргэдийн ихэнх нь боловсролын хувьд бакалавр болон түүнээс доош зэрэгтэй байна. Шинэчилэлийн Засгийн газар байгуулагдахаас өмнө Оюу Толгой ХХК нь урьж ажиллуулж буй гадаад иргэний талаар хуулинд заасан мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт өгч байгаагүй байна
• Оюу Толгой ХХК ньХөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийг давтан зөрчсөн
• Оюу Толгой ХХК нь "Яамны эрх зүйн байдлын тухай" хуулийн 16.1.3, 17.2, 22.7 дахь заалтыг ноцтой зөрчсөн
• Монгол Улсын Засгийн газартай хийсэн Хөрөнгө Оруулалтын Гэрээний 8.1 буюу бусад хөдөлмөр эрхлэлтийн квотын талаарх заалтыг хэрэгжүүлэх ажил огт хийгдээгүй
• Гадаад болон Монгол ажилтнуудын цалин эрс ялгаатай олгогдож байна
• Оюу Толгой компани нь Засгийн газартай байгуулсан Гэрээний цалингийн талаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна
• Ажиллах хүчний квотоос хэтэрсэн гадаад ажиллах хүчин авч ажилуулж байна
• Оюу Толгой ХХК нь санаатайгаар эсвэл хариуцлаггүйгаар Хөдөлмөрийн яам болон нийгмийн даатгалын ерөнхий газарт гадаад болон монгол ажилчдын тооны зөрүүтэй мэдээлэл өгдөг.
Хөдөлмөрийн яам уг зөрчил дутагдлыг арилгах ажлын хүрээнд холбогдох арга хэмжээ авч хэргжүүлэх хугацаа заасан зөвлөмж, үүрэг бүхий даалгавар хүргүүлсэн боловч үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ нь олон мянган монгол ажилчид, тэдний ар гэрийнхэн болон монголчуудын амьдралд нөлөөлөх чухал ач холбогдолтой зүйл тул анхааралдаа авч уг хүргүүлсэн үүрэг бүхий зөвлөмж, даалгаварыг бодитойгоор, шуурхай биелүүлэх шаардлагатай байна.
Дээрх ажлыг хийх хүрээнд Хөдөлмөрийн яамны ажлын хэсэгт нилээдгүй саад бэрхшээл учирсан нь Оюу Толгой компанийн зүгээс бүдүүлгээр, санаатайгаар төрийн ажлыг цалгардуулах үйлдэл гэлтэй харагдаж байгаа бөгөөд үүнийг бид тэвчин мөхөс байх ёсгүй.
Монголчууд бид ажлаа сонгож, үнэлэмжээ шударгаар тогтоох, хүндлэлийг хүртэх, хуулиа дээдлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ асуудлыг анхааралдаа авч Оюу Толгой компани дээр хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн дээрх ноцтой зөрчлүүдийг арилгаж өгөхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
2013 оны 5 дүгээр сарын 16
Иргэн С. Гантуяа