Төв банк барилгын компаниудад зориулж 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудад байршуулжээ. Ингэхдээ жилийн долоон хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар байршуулсан байна. Харин уг зээлийг хөдөө, орон нутаг, алслагдсан дүүрэгт барилга барих компаниудад 5.5 хувийн хүүтэй олгох юм байна. Арилжааны банкууд энэ мөнгийг гурван сарын хугацаанд зөвхөн шинээр барих болон барьж байгаа орон сууцны барилгад зээлэх аж. Орон сууцны нийлүүлэлтийг дэмжихээр Монголбанк арилжааны банкуудтай гэрээ хийсний дагуу барилга барих компаниудад зээл олгож эхэлжээ. Барилгын компаниуд эхлээд арилжааны банкинд хандан бүрдүүлэх баримтын мэдээллээ авах юм байна.