Тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргаж, Монголын бахархал болсон залуу тамирчдыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өглөөний цайнд урилаа. Шатар, даам, жүдо, чөлөөт, самбо, сумо бөх, кикбокс, бодибюлдинг, уулын зэрэг спортын төрлөөр амжилт гаргасан 10 гаруй залуу тамирчин энэ удаад уригдсан юм. Хүн ард нь хүчтэй, зүтгэлтэй бол улс хурдтай хөгжинө. Ийм ч учраас залуусынхаа хөгжилд анхаарч, Ерөнхий сайд дэргэдээ Залуучуудын зөвлөл ажиллуулж байгаа, энэ зөвлөлөөс өсвөр, залуу үеийнхний хөгжилд хувь нэмэр үзүүлэх ажлууд санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж буйг Засгийн газрын тэргүүн хэллээ. Зөвлөлийнхний зүгээс эх орныхоо бахархал болсон тамирчин залуусын нэрэмжит багахан хэмжээний амралт, чөлөөт цагийн цогцолборыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах санаачилга гаргасныг дэмжиж байгаа гэлээ. Байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, амьдралын уламжлалт хэвшил маань манай ард түмнийг тэсвэртэй, дасан зохицох чадвартай болгодог. Энэ давуу чанараа хамгийн сайн ашигладаг тамирчид маань оролцсон тэмцээн бүрээсээ шахам бай шагнал авч ирдэгт ард түмэн бахархан хүндэтгэж, залуу үеийнхэн үлгэр дуурайл авдаг юм шүү гэж Ерөнхий сайд онцолсон. Архи, тамхинаас хол байж, зөв амралт, зохистой хооллолтыг амьдралдаа хэвшүүлбэл хүн бүр өөр өөрийн зорьсон оргилдоо гарах боломжтойг тамирчид хэлж байв. Өглөөний цай уух зуураа тамирчид өөр өөрсдийн спортын салбарт тулгамддаг асуудлаас Засгийн газрын тэргүүнтэй ярилцсан юм. Тухайлбал, үзэгчгүй спорт гэгддэг уулынханд төрөөс анхаарал дэмжлэг хэрэгтэй байгааг Уулын спортын мастер Б.Цэвээндаш дуулгасан бол өвлийн спорт хөгжүүлэх бодлого дутагдаж байна гэж зарим нь үзэж байлаа. Улс Монголоо бусдаас дутахгүй байлгахад хувь нэмрээ оруулж буй тамирчиддаа амжилт хүсээд, хүн бүр зорьсон оргилдоо гарахыг, улс үндэстнээрээ улам олон оргил эзлэхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөөл хэлсэн байна.