logo
20 сая төгрөгнөөс дээш гүйлгээг хянахаар болжээ

20 сая төгрөгнөөс дээш гүйлгээг хянахаар болжээ

2013/05/17

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Манай улсад банк, санхүүгийн тогтолцоо хурдацтай хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын шинжтэй, нууц далд үйлддэг мөнгө угаах гэмт хэргийн арга, хэлбэр нарийсаж буй аж. Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хяналтын тогтолцоог сайжруулж, төрийн байгууллагуудын үүргийг нарийвчилж, нэр томъёог жигдэлжээ. Үүний дагуу дотоодын банк, санхүүгийн бусад байгууллагаас гадаад орны банк санхүүгийн байгууллагатай санхүүгийн харилцаа тогтоохоос өмнө мэдээллийг нягтлах гэнэ. Хэн нэг улстөрч, нөлөө бүхий этгээдийн нэр дээр хэвийн бус, их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн, хяналт хангалтгүй улс орноор дамжуулан гүйлгээ хийсэн гэх мэт сэжигтэй тохиолдол байвал тусгай байгууллага хянаж, мэдээлэх гэнэ. Ингэхдээ 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн бол нягталж байхаар болжээ. Ямар үндэслэлээр ийм хязгаар тогтоосныг З.Баянсэлэнгэ гишүүн асуухад сайд “Энэ бол олон улсын хэмжээнд мөрдөж байгаа стандарт. Давтан гүйлгээнд шалгах үндэслэлтэй гэж үзсэн гүйлгээг л хамруулна” гэсэн тайлбар өгөв. Өнгөрсөн хугацаанд гаднаас манай улсад мөнгө угаахыг оролдсон тохиолдол гарч байсныг тэрбээр онцолно лээ. Мөн Монголбанк сэжигтэй бэлэн мөнгөний гүйлгээний дүн мэдээг гаргахаар ажиллаж эхэлсэн байна. 2008-2013 оны хооронд сэжиг бүхий гүйлгээний талаар дотоодын байгууллагаас 1148 мэдээлэл, хүсэлт ирүүлснээс 190 мэдээллийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн баримт байгаа аж. Гишүүд уг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш