logo
ОХУ-ын холбооны нөөцийн агентлагийн төлөөлөгчид айлчилж байна

ОХУ-ын холбооны нөөцийн агентлагийн төлөөлөгчид айлчилж байна

2013/05/17

Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа  ОХУ-ын Холбооны нөөцийн агентлагийн төлөөлөгчдийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын нөөцийн байгууллага ОХУ-ын нөөцийн байгууллагатай 1994 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн бөгөөд хоёр байгууллагын удирдлагын 2007, 2008 онд хийсэн харилцан айлчлал энэхүү харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Онцгой байдлын албаны албан хаагчид 2012, 2013 онд ОХУ-ын Холбооны нөөцийн агентлагийн харьяа Торжокийн Политехникийн коллежийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн нь үүний нэг тод жишээ юм.

Улс орны хэмжээнд ноцтой хүндрэл тохиолдсон үед хэрэглэх бараа, бүтээгдэхүүнийг тогтоосон нэр төрөл, тоо хэмжээ,чанарын түвшиндбэлтгэх, бэлэн байлгах чиглэлээр цаашид гадаад улс орнуудтай хамтран ажиллах нь гамшгийн үед яаралтай тусламжийг шуурхай хүргэхэд чухал үүрэгтэйгээс гадна улсын нөөцийн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улсын нөөцийн бараа бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, стандартын дагуу урт хугацаанд хадгалах, агуулахын аж ахуйд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ удаагийн айлчлал ач холбогдолтой юм гэдгийг ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж уулзалтын үеэр онцоллоо.

Улс орны хэмжээнд болон аймаг, суманд хvн, мал, амьтны гоц халдварт өвчин дэгдэх, үйлдвэрлэлийн томоохон осол, гал түймэр гарах, ган, зуд, vер, газар хөдлөлт зэрэг болзошгүй гэнэтийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн бэрхшээл, бусад ноцтой хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай барааны улсын нөөцийг тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо, хэмжээнд нь хүргэж, бэлэн байлгах үүргийг анх 1965 онд Сайд нарын Зөвлөлийн 244 дүгээр тогтоолоор хуучнаар Худалдаа бэлтгэлийн яаманд өгч байсан бол 1996 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэд Улсын Нөөцийн газрыг байгуулсан.

2003 онд Монгол Улсын Их Хурлаас “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гамшигтай тэмцэх чиг үүрэг бүхий Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар болон Улсын нөөцийн газрыг нэгтгэн 2004 оны 01 дүгээр сард Онцгой байдлын албыг байгуулсан.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэгтэй Засгийн газрын тохируулагч агентлаг бөгөөд гамшгаас сэргийлэх замаар өнөөдөр 4000 орчим хүн үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрээс 400 гаруй албан хаагч улсын нөөцийн 34 салбарт ажилладаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш