logo
Англи даяар үймээн самуун дэгдлээ

Англи даяар үймээн самуун дэгдлээ

2011/08/10
Англид үймээн дэгдээгчид байшин барилга, машинуудыг галдан шатааж, дэлгүүрүүдийн цонхыг хагалсан. Лондон хотын хойд хэсэгт үймээн гарснаас гурав хоногийн дараа уурлаж бухимдсан залуучууд олон үндэстэн оршин суудаг Хакнэй, Пекхэм дүүргүүдэд эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Энэхүү гэнэтийн үймээний үеэр олон арван хүн гэмтэж шархадсан бөгөөд компаниудад учирсан гарз хохирлын хэмжээ хэдэн сая доллараар тооцогдож байна. Английн цагдаа нар 525 гаруй хүнийг баривчлан саатуулж, 100 орчим хүнийг яллажээ. Ийнхүү Лондонгийн цагдаа нарт туслах зорилгоор бусад хотуудаас цагдаа нарыг илгээснээр 16.000 албан хаагч үүрэг гүйцэтгэх юм байна. Аюулгүйн хүчнийхэн өмнө нь Англид үймээний самууныг дархын тулд ашиглагдаж байгаагүй резинэн сумтай буу хэрэглэх талаар ярилцаж байгаа гэнэ.
Английн цагдаа нар 26 настай эрийг машинд нь буудан хөнөөсөн явдал Лондонд үймээн самуун дэгдэх нэг шалтгаан болсон тухай зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэхдээ энэ нь зөрчил үймээнтэй холбоотой эсэхийг цагдаа нар батлаагүй байгаа аж. Түүнчлэн ажилгүйдлийн төвшин өндөр байсан нь үймээн дэгдсэн нэг шалтгаан байсан гэж үзэж байна.
Цагдаа нарт буудуулж амь үрэгдсэн залуугийн ах Английн “Скай Ньюс” телевизэд ярилцлага өгөх үеэрээ бямба гаригийн орой Лондонгийн хойд дүүрэгт тайван жагсаал цуглааны дараа дэгдсэн үймээн самууныг буруутгаж байгаагаа илэрхийлжээ. Шон Хол Тоттенхэм дүүргийн оршин суугчдад хандан уур бухимдлаа барихыг уриалсан байна. Өнгөрөгч пүрэв гаригт түүний дүү 29 настай Марк Дугганыг цагдаа нар буудан хөнөөсний дараа  хүмүүс жагсаал хийж, улмаар үймээн самуун дэгдсэн юм.
 
Жагсаал цуглаан эхэндээ тайван үргэлжилж байсан хэдий ч Тоттенхэмийн цагдаагийн газрыг тойрон 300-500 цагдаа цуглах үед нөхцөл байдал ширүүссэн байна. Зарим жагсагчид цагдаа нар луу шидэхийн тулд лонхонд түлш хийж, бусад нь бэйсболын цохиур мэтийг ашиглан  цагдаа нартай мөргөлджээ.
Үймээн самуун намжаагүй учраас Английн ерөнхий сайд Дэвид Камерун парламентыг яаралтай хуралдуулахаар болжээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш