logo
Латин Америкт аюулгүй байдал

Латин Америкт аюулгүй байдал "бизнес" болж хувирчээ

2011/08/10
Гэмт хэргийн гаралт өндөртэй байдаг Латин Америкийн орнуудад аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа юм байна. Аюулгүй байдалдаа санаа зовсон хүмүүс хуягт машин, сум нэвтэрдэггүй хантааз ихээр худалдан авдаг байна.
Гватемалын нийслэлд амьдардаг Люси Лоуса жолооны ард ганцаараа огт суудаггүй юм байна. Тэрээр өөрийгөө гэмт хэрэгтнүүдээс хамгаалах амархан аргыг олжээ. Хоёр "хамтрагч" маань бодит хүмүүс биш хэдий ч тэдгээрийг зайнаас харсан гэмт хэрэгтнүүд хууртана гэж Люси хэлсэн байна. "Энэ бол зайлшгүй хэрэгтэй, хүнд хэцүү нөхцөлд бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй, энэ бол сайн арга, үнэ өртөг нь тийм ч өндөр биш, аюулгүй байхад нэмэр болдог" гэж тэрээр ярьсан байна.
Льюс Иуга эдгээр хуурамч "зорчигчдыг" зохион бүтээж, үйлдвэрлэдэг компанийг Гватемалд байгуулжээ. Учир нь түүний охиныг машинтайгаа ганцаараа явж байхад нь хэд хэдэн удаа дээрэмдэж байсан гэнэ. "Ганцаараа жолоо барьдаг хүмүүст энэ үнэхээр чухал, эдгээрийг харсан гэмт хэрэгтнүүд машинд ганцхан хүн яваагүй юм байна гэж ойлгоно, машинд гурав юм уу түүнээс олон хүн явж байхад тэд дээрэм хийх магадлал бага" гэж тэрээр ярьсан байна.
Аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд гэмт хэргийн гаралт өндөртэй Латин Америкийн орнуудад бараа бүтээгдэхүүн нь эрэлт ихтэй байдгийг хэлж байгаа юм.
Нарийн ажиллагаатай хяналтын системээс эхлээд сум нэвтэрдэггүй дуулга, хантааз, цагдаагийн хуягт машин зардаг фирмүүдийн хурал зөвлөгөөнийг Мексикт жил бүр зохион байгуулдаг.
Харин Венесуэл улсад машинуудыг сум нэвтэрдэггүй хуягтай болгон өөрчилж сайжруулдаг компаниуд хүчээ авч байгаа гэнэ.
Бразил, Колумби зэрэг Латин Америкийн бусад оронд аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын мэдэгдэж байгаагаар хуягт машин, сум нэвтэрдэггүй хантаазны эрэлт нэмэгджээ. Учир нь тэдгээр орнуудад хүн амины хэргийн гаралт өндөр байдаг. Хэрэв Латин Америкт одоогийн гэмт хэргийн төвшин хэвээр байх юм бол аюулгүй байдлын чиглэлээр дагнан ажилладаг компаниудын ашиг орлого цаашид нэмэгдэнэ гэж үзэж байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш