logo
Увсын залуучууд чуулж асуудлуудаа хэлэлцэж байна

Увсын залуучууд чуулж асуудлуудаа хэлэлцэж байна

2013/05/17
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон гүйцэтгэх хорооны гишүүд баруун бүсийн Увс аймагт залуучуудын чуулганыг өчигдөр хийж эхэлсэн бөгөөд энэхүү чуулганд 17 сумдаас ирсэн 160 гаруй залуучууд идэвхтэй оролцож байгаа юм байна. Тэд орон нутгийн залуучуудад тулгамдаж байгаа нийгмийн асуудал болоод тэдний аймаг орон нутагтаа цаашид хийх бүтээн байгуулалтын талаар санал бодлоо солилцож, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудыг ярилцсан байна. Энэхүү чуулга уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Ц.Цэндсүрэн залуучууддаа аймгийн үйл ажиллагаа, цаашид хийх ажлын төлөвлөгөө болон залуучуудын талаар баримтлах бодлогыг танилцуулжээ. Тэрээр илтгэлдээ ирэх жилээс эхлэн Улаангом хотыг дахин төлөвлөхөөр төсөвлөгдсөн, 60 мегабайтын цахилгаан станц барих, жижиг дунд үйлдвэрийг хөхүүлэн дэмжих, газар тариаланг хөгжүүлж, хүнсний ногоогоор брэнд органик бүтээгдэхүүн гаргах, барилгын материалын болон махны үйлдвэрүүдийг ч барихаар төлөвлөж байгаа гэдгийг залуучууддаа танилцууллаа. Мөн залуучуудын чуулганы үеэр Увс аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчдийг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, даргаар нь Увс аймаг дах Голомт банкны салбарын захирал С.Наранбат сонгогдсон юм байна. Мөн аймгийн ИТХ дах “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Увс аймгийн Засаг Даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгч Т.Эрдэнэбатыг бүлгийн даргаар сонгожээ. Залуучууд гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, ажлын байр сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, Увс аймагт тулгамдаж буй асуудал нь зарим сумдад 14 төрийн албан хаагчдын 11 нь ах дүү байдаг нь хэвийн үзэгдэл болсон явдал гэдгийг хурцаар шүүмжилж байгаа юм. Тиймээс асуудлуудыг шийдэхийн тулд Увс аймагт иргэний танхимд хэлэлцүүлэгдээгүй нэг ч асуудлыг Засаг дарга, ИТХ шийдэж болохгүй гэдгийг залуучууд хатуу сануулж байлаа. МЗХ-ныхон өнөөдөр төрийн байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулах, ахмадуудын чуулганыг хийх, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлэх гэнэ. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш