БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс ЕШ өгөх сурагчдад дараах зөвлөгөөг гаргасан байна. Шалгалтын эхний өдөр шалгуулагч бүхэн ширээн дээр байрлах гэрээний хуудсыг уншиж танилцаад, гарын үсгээ зурах бөгөөд таны зураг, регистрийн дугаар, овог, нэр , буруу байвал гэрээний хуудсан дээр засах, заалан дахь хянагч багшид мэдэгдэж проколд тэмдэглүүлэх хэрэгтэй юм. Мөн хонх дуугарч шалгалтын товлосон цаг тоолж эхэлснээс хойш математик, хими, физикийн хичээлүүдийн шалгалтыг 100 минутад, монгол хэл, англи хэл, ором хэл, Монголын түүх, нийгмийн тухай мэдлэг, газарзүй, биологийн хичээлүүдийн шалгалтыг 80 минутад багтааж гүйцэтгэн, хариултын хуудсыг бөглөх хэрэгтэй. Шалгалтын заасан хугацаа дуусч, хонх дуугармагц та бүхний хийсэн ажилд баганан код наалган хурааж авах бөгөөд хариултын хуудсыг, хөх өнгийн үзгэн болон тосон балаар бөглөх ёстой аж. ЕШ-ийг зөвхөн хариултын хуудсан дээр хэрхэн хийсэн байдлаар шалгалтын үнэлгээг өгөх учраас шалгуулагчид нямбай ажиллах хэрэгтэйг сануулсан байна. Хэрэв хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх, нэг мөрөнд давхар тэмдэглэгээ хийсэн тохиолдолд тухайн даалгаврын хариулт хүчингүй болно гэнэ. Шалгалтын танхимд ноорог цаас ч оруулахгүй ба шалгалтын өдөр танхимд цүнх, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном дэвтэр зэрэг зүйл авч орсон бол хураалгах ёстой.