logo
Хүндлэл

Хүндлэл

2011/08/10
Хүний амьдралын хамгийн аз жаргалтай үеэ өнгөрдөг газар нь гэр орон билээ. Та учирсан зовлон зүдгүүрээ аль болох гэр орондоо чирч ирэхгүй, хэрүүл маргаан үүсгэхгүй байх талаар хичээгээрэй. Өөрөөр хэлбэл ажлын болон хувийн бэрхшээлээ гэр бүлдээ аль болох бага ярих ёстой юм. Гэр оронд үүссэн асуудал хүндрэлийг хурцатгаж, хэрүүл маргаанд хүргэхгүй хурдан дарж чадвал та аз жаргалтай амьдарна.

Тэгээд ч нэгэнт үүссэн бэрхшээл загнаж зандарсанаар засагдчихгүй. Бага бухимдаж, сэтгэл санаагаа тайвшруулах тусам бэрхшээлээс гарах арга замыг түргэн олж чадна. Нэг гэр бүлийнхэн аливаа буруу үйлдлийн буруутанг хайж олох, шийтгэх гэж бие биеэ зовоох хэрэггүй. Ингэснээр буруу үйл хийсэн хүнээ, дээр нь өөрийгөө, бас болоогүй бусдыгаа ч зовоох аюултай.

Тиймээс бурууг нь ганцхан удаа хэлээд орхих нь зүйтэй. Нэг тогооноос хоол идэж байгаагаа буруутгах хэрэггүй харин ч зовж яваа нэгэндээ сэтгэлийн дэмжлэг үзүүлж, амрахад нь хүртэл туслах ёстой. Хэн бүхэн өдөржин ажил хийж ядарсан амьтан гэртээ ирдэг. Одоо бүгд л амрах хэрэгтэй байгаа учир хүндрэлтэй асуудлуудаа ярих гэсний хэрэггүй. Тэр тусмаа гэрийнхэндээ санхүүгийн туслалцаа үзүүлж, тэдэндээ хүссэн бүхнийг нь байнга авч өгч баярлуулж чаддаггүй юмаа гэхэд уурлуулж бухимдуулахгүй байж хэн ч чадна.

Нэг гэрт амьдарч байгаа хүмүүс бие биенийхээ жаргал зовлонг хэлүүлэлтгүй мэдэрч, туслах, сэтгэл санааны дэм өгөх, өөрөөр хэлбэл нэг нь ядарсан царайтай байвал сайхан өтгөн цай чанаад өгөх гэх мэтээр халамжлах хэрэгтэй. Тэр танд баярлахаас гадна та өөрөө түүнд тусалсандаа баяртай байх болно. Ингэж бид гэр орондоо аз жаргалыг авчирч бусдыг хайрлаж гэмээнэ бусдад хүндлэгддэг юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш