logo
Хонконгтой ялтан солилцох боломжтой болно

Хонконгтой ялтан солилцох боломжтой болно

2013/05/17
БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүстэй байгуулах Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрийн анхны хэлэлцээ энэ сарын 13-15-нд Хонгконгт амжилттай хийгдлээ. Энэхүү хэлэлцээг хийх Монголын талын багт Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газар, Хууль зүйн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцээг манай талаас Монгол Улсаас БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсэд суугаа Ерөнхий консул ахалж Ерөнхий консулын газрын холбогдох ажилтнууд мөн оролцлоо. Хонконгийн талаас уг хэлэлцээг Хонконгийн Хууль зүйн департаментын олон улсын хуулийн хэлтсийн орлогч, ноён Вэйн Волш ахлан ажиллалаа.

Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр нь эрүүгийн гэмт хэрэгт холбоотой харилцан мэдээлэл солилцох болон эрүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах шатанд шаардлагатай бусад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээр нь ял эдэлж буй иргэдийг шилжүүлэн авах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.

Хэлэлцээ амжилтай болж, талууд хэлэлцээний протокол үйлдэн гарын үсэг зурлаа. Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрүүдийг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар эцэслэн гарын үсэг зурсны дараа талуудын хууль тогтоох байгууллагууд соёрхон батлах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш