Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас МҮХАҮТ, Тайландын Сериндиа галлерей, зарим аж ахуйн нэгж, компаниудын дэмжлэг, оролцоотойгоор Монголын нэрт зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 16-нд Бангкок хотын уран зургийн галерейд нээлээ.
Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Сериндиа галерейн дарга С.Шейн, Тайланд дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Л.Батдэлгэр нар үг хэлж, тус улсын төр засгийн байгууллагын төлөөлөл, Бангкок дахь гадаад орны ДТГ-ын тэргүүн нар болон соёл, бизнесийн хүрээний хүмүүс оролцов.
Элчин сайд хэлсэн үгэндээ Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэн нь Тайландын Ерөнхий сайд Монголд айлчилсаны дараахан, ирэх оны эхээр болох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн өмнө зохиогдож буйг онцлоод энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол Улсыг болон манай үндэсний соёл, урлагийг Тайландад танилцуулан сурталчлахад ач холбогдолтойг тэмдэглэв.
Тайчуудын сонирхлыг ихээр татаж буй уг үзэсгэлэн Бангкок хотноо 6 дугаар сарыг дуустал гарах юм.