logo
Алдагдсан мөнгөн усны хорыг саармагжууллаа

Алдагдсан мөнгөн усны хорыг саармагжууллаа

2013/05/18
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо,  51 дүгээр байрны жижүүр 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд цэвэрлэгээ хийж байгаад 7-р давхрын шатнаас эхлээд цайрсан, үл мэдэгдэх бөмбөлөгүүд тарсан байдалтай байхыг харж, цагдаагийн газарт мэдэгджээ. Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэсттухайн өдрийн 11.00 цагт мөнгөн ус асгарсан тухай мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу газар дээр нь очиход 51 дүгээр байрны 6 давхрын хогийн бункер орчимд мөнгөн ус асгарсан байв. Газар дэр нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Шуурхай алба 105, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынявуулын лаборатори, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхимийн бодис хариуцсан улсын байцаагч нар ажиллажээ. Ажлын хэсэг шуурхай ажиллаж, аюулын бүс тогтоон, мөнгөн усыг соруулж, лабораторийн шинжээчид дотоод орчны агаарт хэмжилт хийсэн байна. Хэмжилтээр 6, 7 давхрын хогийн бункер орчимд0.03 мг/м3 буюу мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин, шатны хонгилын хэсэгт 2-3 дахин их байсан байна.Онцгой байдлын албан хаагчид 0.5%-ийн марганцийн уусмалаар 1-9 давхар хүртэлх бүх талбайг саармагжуулж, мөнгөн усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулсан байна. Мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч нар мөнгөн ус алдагдсан голомтонд саармагжуулалтын өмнө ба дараа хэмжилт хийж, саармагжуулах үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш