logo
Иргэдийн хүсэлтэд хуулийн дагуу яаралтай хариу өгнө гэв

Иргэдийн хүсэлтэд хуулийн дагуу яаралтай хариу өгнө гэв

2013/05/18
Нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-өөр дамжуулан Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн 22 иргэнийг  өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Иргэдийн дийлэнх нь орон сууц хүсэж нийслэлийн удирдлагатай уулзаж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ хүсэлтийг шийдвэрлэх боломжтойг хотын дарга иргэдэд танилцуулсан юм.  Мөн зарим иргэд тухайн үеийн албан тушаалтнуудын шийдвэрээр өөр зориулалтаар ашиглах зорилгоор орон сууцаа хураалгаж, эргээд орон сууц авч чадалгүй өдийг хүрсэн гэдгээ учирлаж байлаа. Яг ийм хэлбэрийн 40 гаруй өргөдөл нийслэлд ирээд байгаа юм байна. Эдгээр иргэдийг хохиролгүй болгоход анхаарч, эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Засаг дарга хэллээ. Түүнчлэн газрын маргаан шийдвэрлүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барьж байгаа асуудлыг зогсоох зэрэг захиргааны акт гаргахыг хүссэн иргэд ч хэд хэд байлаа. Эдгээр иргэдийн хүсэлтийг хянаж, нягтлан,  шаардлагтай үед тухайн газар дээр очин ажил байдалтай нь танилцаж, хууль зөрчсөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдсан асуудал байвал эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ гэлээ.
Нийслэлийн удирдлагатай уулзахаар ирсэн иргэдтэй нийслэлийн Засаг дарга нэг бүрчлэн уулзаж,  аливаа асуудлыг зөвхөн хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм.  Мөн  зарим өргөдөл,  гомдол, хүсэлтийг хариуцсан албан тушаалтнуудад өгч яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш