Анх 1991 онд Угийн бичиг хөтлөх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, мөн УИХ-ын 21, 22-р тогтоол гарч байсан боловч бодит ажил болж хэрэгжиж чадаагүй 20 жил өнгөрчээ. Энэ нь угийн бичиг хөтлөх ажил сүүлийн олон зуун жилийн туршид үзэл суртлын нөлөөллөөс болж тасарсан гэж үздэг байна. Харин энэ жил Монгол улсын ҮАБЗ-өөс угийн бичиг хөтлүүлэх ажлыг анхаарах, удамшил согогоос ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах талаар зөвлөмж гаргажээ. Энэ зөвлөмжөөр удамшлын өвчин болон эмгэг согогтой хүүхэд төрүүлдэг эцэг эхийг бий болгохгүй байх, үүнийг таслан зогсоож ургийн бичгийг өрх бүрт хөтлүүлэх, цаашлаад угийн бичгийн сурталчилгааны кабинет байгуулах зэрэг зорилтуудыг тусгажээ. Энэ зорилтын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн 58 багийн Засаг дарга нар, сумдын нийгмийн ажилтнууд, эмч мэргэжилтэнүүдийн дунд Угийн бичгийн ойлголт, түүнийг хэрхэн хөтлөх арга зааварчилгааны талаар Монголын угийн бичгийн холбооноос сургалт зохион байгууллаа.
Монголчуудын хувьд угийн бичгийг хөтлөх уламжлал эртний Хүннү гүрний үеэс эхэлж, Чингис хааны үед илүүтэй амжилтанд хүрч байсан түүхтэй гэнэ. Харин өдгөө 21-р зуунд угийн бичиг хөтлөх явдлыг өрх бүрт эзэмшүүлэх нь амьдралын шаардлага болоод байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Монгол улс дэлхийн 200-аад орны дунд амьдарч байгаа улс учраас өөрийн хүн амыг удмаас нь эрүүл өсгөх, нийгэмд, дэлхийн тавцанд Монголын зүс царайг гаргах явдал чухал. Үүний тулд Угийн бичиг хөтлөх хэрэгтэй юм.