logo
Д.Зоригт: Сэргээш хэрэглэсэн бөхийн даваа бүр хүчингүй болдогтой л адил шүү дээ

Д.Зоригт: Сэргээш хэрэглэсэн бөхийн даваа бүр хүчингүй болдогтой л адил шүү дээ

2013/05/20
-Та өнөөдөр (2013/05/17) анхныхаа чуулганы хуралдаанд суулаа. Парламентын танхимд орж ирэлгүй удсан хүний хувьд ямар санагдав?
-Анхны чуулганы хуралдаандаа суулаа. Өнгөрсөн парламентын үед би Эдийн засгийн байнгын хороонд байсан. Энэ ч утгаараа тэр үү. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар чухал хууль хэлэлцлээ. Үнэт цаасны хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэгт оролцлоо.

-УИХ-ын сонгууль болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчихөж. Өвөрхангай аймгийн сонгогчид саяхныг хүртэл УИХ-д төлөөлөлгүй явлаа шүү. Энэ хооронд Өвөрхангайн тойргийг тойрсон их л маргаан өрнөлөө дөө?

-Харин тийм. Миний хувьд 2012 оны УИХ-ын сонгууль их урт сонгууль болж өнгөрлөө. Үнэн хэрэгтээ УИХ-ын сонгууль миний хувьд арван сар үргэлжиллээ шүү дээ. Энэ хооронд шат шатны олон шүүхээр явсан. Өнгөрсөн хугацаанд нийт 11 шүүх хуралдсан байна шүү дээ. Үүний нэгээс бусдад нь бид хуулийн дагуу ялалт байгуулсан. УИХ-ын дарга хэлсэн шүү дээ. 2008 оны сонгууль яаж явагдсанаас үүдэж үймээн бослого гарч, таван хүн амиа алдсан. Тийм учраас хатуу сургамж авах үүднээс Сонгуулийн тухай шинэ хууль гаргасан гэж. Энэ бол их хатуу чанга хууль. Нэг л удаа алдаа гаргасан бол жагсаалтаас хасагдаж, ялсан ч хасагддаг, УИХ-ын гишүүн болж орж ирсэн ч хасагддаг хатуу заалтуудтай хууль шүү дээ. Үнэндээ шат шатны сонгуулийн шударга, элдэв булхайгүй явуулж, төрөө цэвэр байлгах үүднээс шинэ Сонгуулийн хуулийг баталсан шүү дээ. Гэтэл энэ хатуу чанга хуулийн нэг заалт зөрчигдсөн учраас нэр дэвшигчид хасагдаж байна л даа.
Энгийнээр зүйрлүүлээд хэлбэл, сэргээш хэрэглэсэн бөх наадамд ороод хэд ч давсан бай хасагддагтай адил. Бүр наадамд түрүүлсэн ч байлаа гэсэн сэргээш хэрэглэсэн бол даваа бүр нь хүчингүй болж, гаргасан амжилт нь үнэ цэнэгүй болж хувирна шүү дээ. Жишээ нь саяхан өнгөрсөн наадмаар барилдахдаа сэргээш хэрэглэсэн Мөнхбаатар арслангийн даваанууд хүчингүй болж, Санчир гэдэг шинэ заан төрлөө. Цагаан сарын дараа болсон хурдан морины уралдаанд ч ийм зүйл болсон. Монгол морьдын уралдаанд эрлийз морь уралдаад түрүүлсэн учраас хассан шүү дээ. Энэ хууль хэн ч харсан шударга бус учраас ийм арга хэмжээ авч байгаа юм. Тэгвэл УИХ-ын сонгууль ч үүнтэй адилхан. Сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хууль зөрчсөн нь шүүхээр нотлогдоод хасагдлаа. Энэ нь Монголд хууль дүрэм, журам мөрдөгдөж байгааг харуулж байна.

-Г.Батхүү гишүүн та хоёрыг мөнгөөр "зодож" УИХ-д хүчээр орж ирлээ гэсэн шүүмжлэл дагаж байх шиг байна...

-Д.Зоригт, Г.Батхүү хоёрыг хэвлэлээр өчнөөн л балбаж байна. Монголын улс төрд олон жил явчихсан улстөрчид учраас үүнд эмзэглэхгүй. Энэ "зодуурыг" даагаад гарчихаж чадна. Бид хоёрын элдвээр хэлүүлж, балбуулах асуудал биш. Хамгийн гол нь Г.Батхүү бид хоёр парламентад орж ирсэн явдал нь Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Монголын төрийг цэвэр тунгалаг байлгах алхмыг гавьж байна гэж ойлгож болно. Сонгууль будлиангүй, булхайгүй явдаг болоход бид ямар нэгэн хэмжээгээр хувь нэмрээ оруулж байна гэж бодож байна.
2016 оны УИХ-д нэр дэвшигчдэд Сонгуулийн хуульд тусгасан тэр хатуу заалтуудыг зөрчих гээд үзээрэй. Хэрэв үүнийг үл ойшоон хуулиа зөрчөөд иргэдэд мөнгө тарааж, сонгогчдын итгэл үнэмшил, саналыг худалдаж авах гэж оролдох юм бол ингээд Их хурлын гишүүн байх эрхээ хасуулна шүү. Хэрэв тэгвэл хайран мөнгө, хайран хөдөлмөр болно шүү гэдэг сануулга анхааруулгыг энэ явдал өглөө. Энэ утгаараа дараа дараагийн сонгуулийг шударга болоход өөрсдийн хувь нэмрээ орууллаа гэж харж байгаа.

-МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг нэлээд гомдолтой байх шиг байна лээ. Намууд хэлсэндээ хүрсэнгүй, Г.Батхүү гишүүн ч тохирсондоо байсангүй гэх мэтийн зүйлүүдийг яриад дэлгээд эхэллээ...

-Би түрүүнд хэлсэн шүү дээ. УИХ-ын сонгууль болж өнгөрснөөс хойших энэ олон сарын хугацаанд 11 шүүх хурлаар Өвөрхангайн тойргийн асуудал орсон байна. Гэтэл энэ шүүх хурлуудын нэгээс бусдад нь МАН-ынхан ялагдсан байгаа. Нэгэнт ийм байхад одоо олон юм яриад байх шаардлага алга. Сонгуульд нэр дэвшээд өрсөлдөхдөө хуулиа мөрдөж ажиллах ёстой байсан тийм үү. Хуулиа зөрчсөн үү зөрчсөн.
Тэр нь шүүхээр нотлогдсон уу нотлогдсон шүү дээ. Ийм байхад өөрийгөө зөвтгөөд олон юм яриад байх нь хэнд ч хэрэггүй. Анхнаасаа хууль номын дагуу яваагүй байж өнгөрсөн хойно нь араас нь олон ярих бол зохисгүй. Яахав С.Чинзоригийн хувьд харамсалтай байгаа байх. Тийм ч байхаас аргагүй, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Өвөрхангай аймгийн тойргийн асуудал дээр хувь хүмүүсийн хоорондын харилцаа, тохиролцооны асуудал байхгүй шүү дээ. Ямар ч тийм тохироо, яриа хөөрөө байхгүй. Тэгж яривал намуудын хооронд ч яриад тохиролцох асуудал байж болохгүй. Энэ бол цэвэр Сонгуулийн хуулийн дагуу шийдэгдсэн асуудал. Ерөөсөө Монгол Улсын Сонгуулийн тухай хууль хэрэгжих үү, үгүй юу гэдэг зүйл энд яригдана. Сонгуулийн хууль зөрччихөөд байхад нүдээ тас аниад хажуугаар нь дуугүй өнгөрч, сонгогчдын саналыг худалдан авсан этгээдүүд энэ парламентад ороод байвал шинэ хууль гаргасны хэрэг байхгүй болно. Ийм л учраас хуулийн дагуу шүүх асуудлыг шийдсэн. Тиймээс энэ асуудалд цэг тавьж, улс орныхоо ирээдүйн талаар ярих нь зөв. Төр засагт хийх ажил их байна, улс оронд хийж бүтээх ажлууд ар араасаа ундарч байхад үүн рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байна шүү дээ.

-Та сонгуулиас хойш арван сарын дараа парламентын гишүүн болж тангаргаа өргөөд орж ирлээ. Байнгын хорооддоо хуваарилагдаж амжсан уу?

-Амжаагүй, Өмнөх дөрвөн жилд Эдийн засгийн байнгын хороонд байсан шүү дээ. Тийм учраас энэ дөрвөн жил мөн энэ байнгын хороондоо орж ажиллах бодолтой байгаа. Бүлгийн даргадаа хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хорооны гишүүд бүрдчихсэн юм билээ. Шинээр гишүүн авах боломж одоогоор байхгүй гэсэн. Гэхдээ болох байх гэж бодож байна.

-Энэ дөрвөн жил төрийн түшээ хүнийхээ хувьд яаж ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Монгол Улсаа чирч яваа бүтээн байгуулагч бизнесмэнүүдээ дэмжсэн бодлого манайд хэрэгтэй байна. Монгол Улсад үр ашгаа өгөх эдийн засгийн томоохон төслүүд шаардлагатай байна. Энэ тал дээр анхаарал тавьж ажиллана. Гадаад, дотоод гэлтгүй Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсээ дэмжиж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх тал дээр анхаарлаа хандуулна гэж бодож байна.

-Өнгөрсөн дөрвөн жил таныг парламентын гишүүн байхад АН, МАН хоёр хамтарч засаг барьж байлаа. Харин энэ дөрвөн жилийн тухайд АН олонхио бүрдүүлж, Засгийн газраа толгойлж байгаагаараа онцлог болж байна. Танд юу бодогдож байгаа вэ?

-АН-д маш том ачаа, их хариуцлага ирж байна. АН-ыг ард түмэн харж байгаа. Тийм учраас сонгуулиар өгсөн амлалтаа, бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэсэн үгээсээ ухралгүй шаргуу ажиллах ёстой. Ингэж хэлсэн ярьсандаа хүрч, УИХ, Засгийн газрын түвшиндээ ч гаргасан мөрийн хөтөлбөрөө ажил болгох хэрэгтэй байна. Энэ бүхний төлөө бид эвдрэлцэж тал тал тийш хараад суучихалгүй, гар гараасаа барилцаад явбал энэ улс орны төлөө ихийг хийж чадах болно. Энэ л бидэнд чухал байна.

Я.Мөнгөнцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш