Хүүхдүүд мэдээж дугуй унах дуртай. Мөн скүүтэр, скэйтбоүрд, ролик гээд тэдний сонирхдог зугаа олон. Тухайн төрлөө сайн эзэмшиж, ур чадвартай болох нь тэдний бахархал. Гэвч эдгээр төрөл хүүхдэд тодорхой эрсдэл авчирдаг. Арваас доош насны хүүхдүүдэд дугуй, скүүтэр, скэйтбоүрд, ролик унах шаардлагатай ур чадвар хараахан хөгжөөгүй байдаг. Хүүхдүүд дугуй болон дээрх хөдөлгөөнт хэрэгслүүдийг ашиглах явцдаа зам тээврийн осолд өртөөд зогсохгүй, замын хажуу, хайс, нүх рүү орж, унаж осолдох нь их. Тиймээс насанд хүрэгчдийн байнгын анхаарал хяналтад байх ёстой. Шалтгаан нь:
- дугуй унах бие бялдрын хангалттай ур чадвар байхгүй
- замын хөдөлгөөний учрыг олох мэдлэг, ур чадвар хомс
- өөрсдийн хийсэн үйлдлийн үр дагаврын талаар байнга боддоггүй
- дадал зуршил төлөвшөөгүй
- үе тэнгийнхнийхээ нөлөө, шахалтад автаж, аюултай үйлдэл хийдэг
- Томчууд тэдний чадавхийг хэтрүүлэн тооцдог
Дугуй болон бусад тоглоом унаж байгаа хүүхдийн эрсдэлийг бууруулахад эцэг эхчүүд юунд анхаарах вэ?
- Сургуулийн болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд унадаг дугуй унахад нь хараа хяналтандаа байлгах.
- Авто зам дээр хэзээ ч хараа хяналтгүй унадаг дугуй унуулахгүй байх
- Мотоцикл явдаг зам, бусад эрсдэлтэй газраас сэрэмжлүүлэх
- Том уул толгод, замын хажуу, мөлгөр гудамж, төмөр тор, бусад хатуу ширүүн гадаргуугаас зайлсхийх
- Скүүтэр, унадаг дугуйг нэгээс илүү хүнтэй хамт унахгүй байхад нь анхаарах
- Баталгаатай дуулга, өвдөг, тохойн хамгаалалт байнга өмсөх
Дуулга-хамгаалалтын малгай
Дуулга хэрэглэх нь тархи, толгойны гэмтлийг 85-88 хувиар бууруулдаг. Дуулга өмсөхдөө дараах зүйлсийг анхаараарай.
- Дуулгаа зөв өмсөх толгойны өмнөд хэсэг рүү суулгах
- Уядаг оосор нь чанга бэхэлгээтэй байх. Энэ нь дуулга хөдлөх, унахаас сэргийлэх ба мөн ослын үед толгойндоо гэмтэл авах эрсдэлийг бууруулна.
- Дуулга яг таарсан байх. Таараагүй дуулга толгойны гэмтлийг хоёр дахин ихэсгэдэг.