Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Польш улсын Сенатын маршал ноён Богдан Борусевичийг хүлээн авч уулзлаа. Ноён Богдан Борусевич ардчилсан хувьсгалын эхэн үед олон талын дэмжлэг туслалцаа үзүүлснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглээд, түүний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Өнгөрсөн цөөхөн жилийн хугацаанд Монгол Улс ардчиллын болон хөгжлийн түүхээрээ Азид жишиг болохуйц амжилт гаргасныг ноён Богдан Борусевич тодотгож, гэхдээ эрчимтэй хөгжиж буй улсын хувьд бус ардчилсан орны хувьд Монгол Улстай харилцаагаа идэвхжүүлэхэд таатай байна гэв. Польш улсын Засгийн газар геологийн салбар дахь уламжлалт хоёр орны хамтын ажиллагааг сэргээхээс гадна аюулгүй байдал, боловсролын салбарт хамтран ажиллахад бэлэн байгааг эрхэмсэг ноён Сенатын маршал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны эхэнд Польш улсад айлчлах үеэр харилцан тохиролцсон зээлийг барилга, хот байгуулалтын чиглэлд ашиглаж хамтран ажиллах сонирхолтой байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Түүнчлэн, хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулах болон Улаанбаатарт Польшийн ЭСЯ нээхийг санал болголоо.
Дээрх саналуудыг дэмжиж байгаагаа тэмдэглээд, хамтын ажиллагаанд санаачилга гарган ажиллахаа ноён Богдан Борусевич илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.