logo
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ сэтгүүлчидтэй уулзлаа

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ сэтгүүлчидтэй уулзлаа

2013/05/21

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын  нэгдсэн төвтэй төвийн үйл ажиллагаатай хэвлэл мэдээллийн салбарынхан тавдугаар сарын 18-нд танилцаж сонирхсон юм. Цас, бороо шамарч, хүйтэн салхи сийгсэн энэ өдөр сэтгүүлчид бид нусаа хацартаа наах дөхлөө. Манай цэрэг дайчид цаг агаарын ийм хүнд  нөхцөлд ажрах нь үгүй бэлтгэл сургууллилтаа гүйцэтгэх нь жавхаатай. Афганистанд үүрэг гүйцэтгэх манай багтай  ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 40 хүнтэй баг хамтарсан бэлтгэл хийж байгаа  нь  сонирхол татав. Германы цэргийн багийн дарга дэд хурандаа Ян Шнайдер: Монголын цэрэг дайчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаадаа баяртай байна. Танай дайчид үнэхээр чадварлаг маш найдвартай. Бид энэ багаараа Афганистанд хамтдаа үүрэг гүйцэтгэх болно гэлээ. Мөн тэрбээр Тавантолгойн сургалтын нэгдсэн төвийг бүс нутгийн болон олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв болгоход маш тохиромжтой газар. Би Монголд хоёр дахь удаагаа ирж, танай дайчдад ажиллагааны өмнөх бэлтгэлийг нь хийлгэж байна. монгол цэргүүд маш сайн бэлтгэлтэй, аливаа зүйлд амархан суралцдаг шилдэг дайчид” гэсэн юм. Үнэхээр ч энд ийм орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын төв байх чинээ  бодоогүй билээ. Сэтгүүлчид бид энэ өдөр танк, явган цэргийн байлдааны машинтай танилцаж жолоодож бас үзсэн. Хэдий салхитай хүйтэн байсан ч АКМ буугаар буудаж ончоо сорьж бараг л нэг өдөр цэргийн алба хаагаад үзлээ. Батлан хамгаалах салбараар бид үнэнхүү бахархаж байсан шүү. Энэ өдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц. Бямбажав, БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хурандаа Д.Мөнх-Очир нар сургалтын төвд хүрэлцэн ирж сэтгүүлчидтэй чөлөөтэй  ярилцлага өрнүүлсэн нь их энгийн халуун дотно болсон билээ.

Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн сургалтын танхимд Батлан хамгаалах сайдтай уулзлаа. Эл уулзалтад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал Л.Ариунболд нар оролцсон юм. Сайд Д.Бат-Эрдэнэ:

-Монгол Улсын Батлан хамгаалахын салбар гэж түүхэн, хамгийн нандин, анхны яамдын нэгийг тэргүүлж ажиллах төрийн эрхэм үүргийг хүлээгээд найман сар гаруй болж байна. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулна гэж тангараг өргөсөн хүмүүс энэ салбарт ажилладаг. Энэ салбарт ирээд салбараа мэддэг, дадлага, туршлагатай хүмүүстэй гар нийлж ажиллаж байна. Монголын түүх бол цэргийн түүх байдаг. Тиймээс энэ салбараа нандигнан хайрлах ёстой.

-Зэвсэг, техникийн шинэчлэлийг хэрхэн хийж байна вэ. Та ОХУ-д айлчлаад ирэхдээ энэ асуудлаар нэлээд үр дүнд хүрсэн гэж ярилцлагадаа дурдсан байсан. Өнөөгийн манай зэвсэгт хүчний зэвсэг, техникийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр зэвсэглэл техникийн шинэчлэлийн асуудлаар ярилцсан. Гэхдээ манай Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг гадаад улсынхтай харьцуулаад би дотроо сэтгэл хангалуун байсан. Хэдийгээр 1911 оноос хойш манай улс өөрийнхөө хөрөнгөөр зэр зэвсэг аваагүй боловч ОХУ-ын зэвсэг техник, тэнд бэлтгэгдсэн боловсон хүчин, гуравдагч хөршүүдтэйгээ явуулж буй цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд манай өнөөгийн Зэвсэгт хүчний бэлэн байдал, зэвсэг техник хангалттай хэмжээнд байгаа.

-Манай энхийг сахиулагчдыг олон улсад маш өндрөөр үнэлдэг. Энхийг сахиулагчид маань улс орныхоо аюулгүй байдлыг улстөр, дипломатын аргаар хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж болох уу?

-Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс цэргээ илгээснээс хойш 11 дэх жилтэйгээ золгож байна. Өнөөдрийн байдлаар 1400 цэргийн алба хаагч гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа. Манай цэргүүд Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахаас гадна дэлхийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад тусалж, дэмжих ажилд оролцож байна. Тэдний нэр хүнд Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд онцгой байр эзэлж байгаа юм. Манай дайчид гадаадын олон орны цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэж ирсэн. Гадаадын олон орны цэргийн багийн удирдлагууд Монгол цэргүүдээр бахархаж байсан. Монголчууд нутгаасаа хол байх тусам эх орноороо бахархах сэтгэлтэй болдог. Үүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргүүд илүү их мэдэрч ирдэг.

-Цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцоход бэлэн байна уу?

- “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд батлан хамгаалах салбарынхан үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Цэргийн албанд татагдан ирсэн залуус маань мэргэжилтэй болж байгаа нь тэдний амьдралд нэн чухал алхам болсон. Манай залуус аливаа ажлыг хийж чаддаг байх чадвар дутагдалтай байдаг. Тиймээс ажлын дөртэй болгохын тулд цэргийн албанд ирсэн залуусыг мэргэжилтэй болгохоор зорьж байгаа юм. Бид батлан хамгаалах салбарын хүрээнд хийгдэх бүх ажлыг өөрсдөө хийхийг зорьж байна. Сайдын зөвлөлийн гишүүн 15 хүн бүтээн байгуулалтын ажилдгар бие оролцож, хяналт тавьж байхаар болсон. Бид гаднаас ямар нэгэн тусламж дэмжлэг харахаас илүү өөрт байгаа нөөц бололцоо, боловсон хүчинд  голлож  анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

-Цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Түүгээр зогсохгүй “Оюутан цэрэг” хөтөлбөрийг залуус их сонирхож байгаа. Цэргийн алба хаах хугацаанд өөрчлөлт оруулах уу?

-Цэрэгт хүүгээ явуулчих юмсан гэсэн хүсэлт, идэвх санаачилга илт сэргэсэн. Цэрэгт явж чадалгүй, нас нь өнгөрсөн хүмүүс харамсах явдал байна. Цэргийн алба хаагаагүй 40 хүртэлх насныхны дунд ядаж 45 хоногоор гурав таслаад ч хамаагүй алба хаах боломж байна уу гэх яриа ч байна.

Түүнчлэн цэргийн албаны хугацааг 2-3 жил болгох талаар санал гардаг. Иймд холбогдох байгууллагууд энэ талаар судалж байгаа. Хугацааг сунгахад улсын төсөв, боловсон хүчин, байр сууц гээд  хүндрэлтэй асуудал бий. Цэргийн алба гэдэг хүчээр хаадаг, дарамт шахалт зодуур үздэг биш, Монгол залуус ихийг сурч мэддэг, өв тэгш хүмүүжил олж авдаг газар болоосой гэж хүсэж байна. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар нэлээд судалж байгаа. Бид бүгдээрээ цэргийн алба хааж амжихгүй. Тиймээс дунд сургуульд цэрэгжилтийн хичээл оруулах талаар бас судалж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш