Монголын киноны уран бүтээлчид кино бүтээх ажилдаа шаргуу болсон билээ. Тэдгээр уран бүтээлүүдийн үргэлжлэл болж “N Entertainment”-ийн бүтээсэн “Усны гудамж” телевизийн олон ангит кино өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Тус кино өдөр бүр 21.00 цагаас “MN-25” телевизээр, 22.00 цагт “Royal HD” телевизээр, 23.00 цагаас “SBN” телевизээр гарах бөгөөд барууны олон ангит киноноос сэдэвлэсэн уг бүтээл нь таван гэр бүлийн амьдралыг харуулах аж. Уг киноны зохиолыг кино зохиолч Д.Төрмөнх бичиж, “Сэмүүн” студийн захирал Б.Баяр найруулан, ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир ажиллажээ. “Усны гудамж” олон ангит бүтээлд Монгол орны улс төрийн амьдрал, түүхэн хүмүүсийн намтрыг судалж, монгол ахуйгаа түлхүү харуулахын зэрэгцээ өнөөгийн нийгэмд болж буй олон асуудлыг тусгахыг зорьсон хэмээн кино бүтээгчид маань ярьж байсан. Киноны гол дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Д.Бямбацогт нарын уран бүтээлчид тогложээ. Эхний удаад 30 ангитай уг бүтээлийг дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа ч цаашид Европын сериал шиг цуврал хийх зорилготой байгаагаа кино багийнхан онцолж байсан.