logo
НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ ТББ-уудын төлөөлөлтэй уулзлаа

НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ ТББ-уудын төлөөлөлтэй уулзлаа

2013/05/21
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын төлөөллийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

   Уулзалтаар эрүүл мэнд, боловсрол, төрийн бус байгууллагуудын ажлын байрны асуудлыг хөндөж, төр, төрийн бус байгууллага, иргэд хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах, төрөөс иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд ямар асуудалд анхаарал хандуулж цаашид хамтран ажиллах талаар харилцан ярилцаж санал солилцов.

    Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа нөхөн үржихүйн суурь боловсрол муу олгож байна. Долоо хоногт эрүүл мэндийн хичээл нэг удаа орж байгаа ч мэргэжлийн эмч байдаггүй, биеийн тамирын багш, арга зүйч зэрэг мэргэжлийн бус хүмүүс хичээл орж байгаагаас хүүхдүүдэд энэ чиглэлийн боловсролыг шаардлагын хэмжээнд зааж чадахгүй байна. Өрхийн эмнэлэг ч нөхөн үржихүйн чиглэлээр тэр бүр өсвөр үеийнхэнтэй ажиллаж чаддаггүй. Иймд нөхөн үржихүйн чиглэлийн сургалт, сурталчилгаа хийх төрийн зарим чиг үүргийг ТББ-ууд хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Түүнчлэн ТББ төлөөллөө төрийн байгууллагад харьяалуулж түүгээр дамжуулан өөрсдийн санал бодлоо илэрхийлж байвал илүү үр дүнтэй болно гэж үзэж байна. Жишээ нь Эрүүл мэндийн иргэний зөвлөл гэсэн байгууллага бий. Энэ байгууллагын удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулж Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд орж ажиллавал төр, ТББ хоорондын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болох юм гэсэн саналыг Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд ТББ-уудын сүлжээний ажилтан Б.Мядагмаа хэлж байлаа. Мөн “ЛГБТтөвийн ажилтан н.Мягмаржав , ХДВХ/ДОХ-оос сэргийлэх тухай хууль өнгөрсөн онд батлагдаж эерэг үр дагавартай байгаа ч хуулийн хэрэгжилт муу байгаад анхаарч, хуулийг сурталчлах механизмыг бий болгох, төрөөс иргэний нийгмийн байгууллагыг дэмжиж хамтарч ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн ХДВХ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дийлэнхийг ТББ нуруун дээрээ авч яваа. ТББ-ууд олон улсын байгууллагатай хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч тэндээс олгогддог санхүүжилтийг зөвхөн сургалт, сурталчилгаанд зарцуулдаг учир үйл ажиллагаагаа явуулах байрны асуудал хүндрэлтэй байдаг. Иймд ТББ-уудын байрны асуудалд төрөөс тусламж дэмжлэг үзүүлэх боломжийг бий болговол бидэнд ихээхэн тус дэм болно. Бид олон улсын байгууллагаас санхүүгийн тусламж авч ажиллаж ирсэн ч дотоодын нөөц бололцоогоо ашиглаж ажиллах боломжтой гэдгийг хэллээ. Уулзалтын үеэр эцэг хүний нэр төрийг өндөрт өргөх асуудал чухал байна гэсэн санаа хөндөгдөж жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг аавуудын баярыг хуульчилж “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг байх саналыг хэлсэн юм.

    Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ хэлэхдээ, “ Чиглэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон мянган ТББ-уудаас төлөөлөл болгож нийгэмд танигдсан, идэвхтэй ажиллаж байгаа ТББ-уудын төлөөлөл та бүхэнтэй санал бодлоо солилцож байна. Цаашид уялдаа, эргэх холбоотой байж, та бүхний гаргасан санал, судалгаанд үндэслэн хамтран ажиллах бүрэн боломж бий. ТББ-ууд өөрсдөдөө хамааралтай, тодорхой чиглэлийн хуулийн төсөлд саналаа өгч байх нь чухал. Төрийн үйл ажиллагааг төрийн албан хаагчид явуулдаг. Гэсэн ч жинхэнэ хүрч ажиллах ёстой зорилтот бүлэгтээ хүрч ажиллахад иргэний нийгмийн оролцоо зайлшгүй хэрэгтэй байна. НББСШБХ 5 яам хариуцаж ажилладаг. Анхан шатанд ажилладаг ганц нийгмийн ажилтан хаанаа ч хүрэлцэхгүй байгаа. ЭМЯ гэхэд л сайн дурын идэвхтнүүдэд урамшуулал өгч зарим ажил үүргээ гүйцэтгүүлдэг. Иймд ТББ-уудтай хамтран ажиллах механизмыг бий болгох шаардлага зайлшгүй тавигдаж байгаагийн хэрээр бид цаашид мэдээ, мэдээлэл, санал бодлоо солилцож хамтран ажиллах нь чухал байна “ гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш