- “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” Үндэсний чуулганд оролцогчдод-
“Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганы зочид, төлөөлөгчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Шинэчлэлийн Засгийн газраас залуучуудын хөгжил, хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж, цаашдын зорилтоо тодорхойлох зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас эрхлэн энэхүү чуулганыг зохион байгуулж байгаад талархал илэрхиилье.
Залуучуудын асуудал нь улс орны хөгжил, дэвшилтэй шууд холбоотой чухал асуудал учраас өнөөгийн төр, засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаагийн бодит илэрхийлэл бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулж залуучуудын бодлого зохицуулалтын асуудал хариуцсан бүтцийг бий болгосон явдал юм.
Бид Монгол Улс залуучуудын эх орон гэж бахархан ярих дуртай. Гэтэл өнгөрсөн он жилүүдэд залуучуудын талаар баримтлах төрийн тодорхой бодлого, хууль эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн байна.
Өнөөдрийн залуучууд та бүхэн бол ахмад үеийнхээ хойчийг залгамжлагч, монголын ирээдүйг цогцлоон байгуулагчид. Тийм учраас салбарын яамны зүгээс хүн амын хамгийн чухал бүлгийн нэг болсон залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, залуучуудын тухай бие даасан хуультай болох санаачилга гарган ажиллаж байна. Энэ бол цаг үеэ олсон чухал ажил учраас Монгол Улсын Их Хурлын даргын хувьд энэхүү санаачлагыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэдгээ Та бүхний өмнө илэрхийлж байна.
Аливаа хууль, тогтоомж амьдралд ойр, хэрэгжих боломжтой байх учиртай. Өөрөөр хэлбэл өнөөдөр залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг нарийвчлан судалж төрийн бодлого, хууль тогтоомжид бодитой тусгах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнийг бодитой шийдвэрлэхэд та бүхний санал санаачлага, санал бодол үнэхээр чухал бөгөөд өнөөдрийн энэ чуулганы эрхэм зорилго ч үүнд чиглэгдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхэн залуучуудын хөгжлийн асуудлаар төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд хийх өөрчлөлт, шинэчлэлийн талаар нээлттэй ярилцаж тодорхой санал, зөвлөмжүүдийг гаргана гэдэгт ч итгэл төгс байна.
Залуучууддаа чуулганыхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж, ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ДАРГА Зандаахүүгийн ЭНХБОЛД
Улаанбаатар хот. 2013 оны 5 дугаар сарын 20