Харин байнгын хорооны дарга А.Бакей энэ талаар “УИХ дахь МАН-ын бүлгээс энэ талаар байнгын хороонд ирүүлсэн албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, тус хорооноос ирүүлсэн тайлбарыг МАН-ын бүлэгт уламжилсан. Сонгуулийн ерөнхий хорооноос энэ талаар тодруулахад хууль зөрчсөн явдал байхгүй, бүх зүйл хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа. Хуулийн дагуу холбогдох байгууллагуудын саналыг авч тойргийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан гэдгээ тайлбарласан” гэлээ.
Мөн гишүүн С.Дэмбэрэл төрийн гүйцэтгэх засаглалын институциуд хоорондын ажлын уялдаа холбооны талаар байнгын хороон дээр ярилцах шаардлагатай байна. Ялангуяа мэргэжлийн хяналт, Засгийн газрын бараа, үйлчилгээний худалдан авалт, ус, ойн асуудал хариуцсан төрийн институциуд хоорондын ажлын уялдаа зэрэг тодорхой сэдвүүдээр авч хэлэлцэж дүгнэлт гаргах хэрэгтэй байна гэсэн санал гаргасан юм. Гишүүн Н.Батцэрэг энэ саналыг дэмжээд байнгын хорооноос ажлын хэсэг гаргах санал гаргасныг анхааралдаа авахаа байнгын хорооны дарга мэдэгдэв.
Ингээд “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр болж, энэ талаарх саналыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулав.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг, мөн сарын 7-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг тус тус томилжээ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөлийн гишүүн нь төрийн өнөдөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд тохирсон цалин хөлс авч зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдэлж, хуульд заасан баталгаагаар хангагдана”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна” гэж заажээ.
Иймээс “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 2002 оны 73 дугаар тогтоолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалыг “ТӨ-IVA”, Ерөнхий зөвлөлийн гишүүдийн албан тушаалыг “ТӨ-VA” зэрэг зиндаа, зэрэглэлтэйгээр тогтоох саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөлөөс УИХ-д ирүүлсэн байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд нэгэнт хууль батлагдсан учраас хэрэгжилтийг хангахыг дэмжиж буйгаа илэрхийлээд гэхдээ тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэх процетур нь хуулийн дагуу зөв явах ёстой гэдгийг хэлж байлаа. Тухайлахад гишүүн М.Энхболд хууль хэрэгжүүлэх үүднээс асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэхдээ өнөөдрийн хэлэлцэж буй энэ байдлаар тогтоолын төслийг батлах боломжгүй тул саналыг ирүүлсэн байгууллагад нь буцааж Засгийн газар хэлэлцээд оруулж ирэх нь зүйтэй юм гэсэн бол гишүүн Д.Эрдэнбат шүүх хараат бус учраас төслийг батлахыг дэмжиж байна. Харин процетурын хувьд зөв оруулж ирэх учиртай, энэ тогтоолын төслийг санаачлагч нь Засгийн газар бус Ерөнхийлөгч байх нь зүйтэй юм гэлээ.
Харин байнгын хорооны дарга А.Бакей энд процетурын ямар нэг зөрчил байхгүй. Төрийн албаны тухай хуульд төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндааны асуудлыг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн тогтоохоор, мөн хууль хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа зохион байгуулалтын асуудлаар холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг байнгын хороо авч хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байдаг гэдгийг тодотголоо. Энэ талаар гишүүн Х.Тэмүүжин зарчмын хувьд байнгын хороо зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэж болно, харин тогтоолд өөрчлөлт оруулах нь зохион байгуулалтын асуудал биш гэсэн байр суурьтай байсан бол гишүүн Л.Цог мөн ийм саналтай байгаагаа хэллээ.
Нэгэнт байнгын хороо тогтоол санаачлах эрхгүй учраас гишүүн Д.Эрдэнэбат уг тогтоолын төслийг санаачлах санал гаргасан боловч байнгын хорооны гишүүд энэ нь зохион байгуулалтын асуудал мөн эсэх, түүнчлэн төслийг санаачлагч нь хэн байхыг тодруулах шаардлагатай гэж үзсэн тул тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.