logo
Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Өмнөговь аймагт ажиллаж байна

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Өмнөговь аймагт ажиллаж байна

2013/05/22

УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар 5 дугаар сарын 20-ны өдрөөс Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж эхэллээ. Энэ өдөр гишүүд болон салбарын сайд Тавантолгойн коксжих нүүрсний сав газарт үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ТӨК, “Энержи Ресурс” ХХК-ийн уурхай, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцав.

Орон нутгийн буюу "жижиг" Тавантолгой гэгддэг “Тавантолгой” ХК-ийн уурхайд өглөө 10 цагийн үед очиход нүүрс олборлолт, ачилтын ажил ид явагдаж байв. Тус компанийн гүйцэтгэх удирдлагын ажилтнуудын хэлснээр, хэдийгээр нүүрсний зах зээл уналттай, бүтээгдэхүүний үнэ бага байгаа ч, тус уурхай нь ашиглалтын зардлаа харьцангуй бага байлгаж чадсанаар борлуулалтаа үргэлжлүүлсээр байгаа аж. Уурхайн аман дээрээс гэрээт худалдан авагчиддаа нэг тонн коксжих нүүрсийг 44 мянган төгрөгөөр зарж байгаа бөгөөд үүнд тээврийн зардал ороогүй гэнэ. Харин нүүрс олборлолтын зардалд татвар ба элэгдэл тооцолгүйгээр тонн тутамд 36 мянган төгрөг гарч байгаа юм байна.

Албаны хүмүүс мөн “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн эзэмшилд байдаг Зүүн болон Баруун Цанхын уурхайн ажилтай танилцлаа. Зүүн Цанхын уурхай нь 2011 оноос бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлож эхэлсэн ба одоогоор нийт 3,5 сая орчим тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлээд байгаа юм байна. Тус компанийн Ерөнхий захирал Я.Батсуурь уг гэрээ нь ашиггүй, үнийг маш доогуур тогтоосон учир зөвхөн зардлаа ихээхэн танаж байж экспортолсон нүүрсний тонн тутамд алдагдал хүлээлгүйгээр ажиллаж байгаагаа дурьдаж байв. Харин гадаадын хэд хэдэн компанид хуваан эзэмшүүлнэ хэмээн түрүүчийн Засгийн газрын үед шийдээд байсан Баруун Цанхын уурхайд тус компани дотоодын туслан гүйцэтгэгч хөлслөн хөрс хуулалтын ажлыг хийж дуусаад, энэ жилдээ багтаан олборлолтоо эхлэх бэлтгэлээ базаажээ. Я.Батсуурь захирлын хэлснээр, Баруун Цанх нь “Чалко”-той хийсэн гэрээнд багтаагүй учир худалдан авагчаа чөлөөтэй сонгож, илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулж болох тул компанийн хувьд ашигтай ажиллах гол нөхцлийг бүрдүүлж байгааг онцолж байлаа.

Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайтай залгаа үйл ажиллагаа явуулж буй “Энержи Ресурс” компанийн Ухаа худаг уурхай, тус компанийн барьж байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэр болон жилд 1 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцтай танилцав. Компанийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, нүүрсээ баяжуулж чадсанаар тонн тутамд 10 орчим долларын нэмүү өртөг үүсгэж байгаа нь бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр борлуулах боломжтой болгож байгаа хэмээн тайлбарлаж байлаа. Гэвч одоогийн байдлаар тээвэрлэлтийн зардал асар өндөр тул энэ асуудлыг төмөр зам барьж нэгмөсөн шийдэрлэх хэрэгтэй гэж байсан юм. Тухайлбал, уурхайгаас Цагаан хад хүртэл 260 км тээвэрлэхэд тонн тутамд 8 ам.долларын зардал гардаг бөгөөд цаашаа БНХАУ-ын талын боомт болох Ганцмод хүртэл 20 км тээвэрлэлтийг Хятадын компаниуд 9 ам.доллараар хийдэг аж. Үүний шалтгаан нь олон удаагийн дахин ачилт, хилээр автомашинаар нэвтрэхтэй холбоотой цаг алдах байдаг бөгөөд төмөр зам барьсан тохиолдолд уг хүндрэлүүд арилж, тээврийн зардлыг бүхэлд нь хоёр дахин багасгах боломжтойг онцолж байлаа.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдгээр гурван компани нь манай улсын экспортын орлогыг бүрдүүлэхэд маш чухал байр суурь эзэлж байгааг онцлоод нэгэнт зэргэлдээ орших "зовлон нэгтэй" байгууллагууд тул асуудлуудаа хамтарч шийдэх, үүнд төр болон хувийн хэвшил хамтран түншилж ажиллавал хамгийн сайн үр дүнд хүрч болохыг дурдсан. Тэрбээр Чингис бондын эх үүсвэрээр барьж байгуулахаар шийдвэрлэсэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын бүтээн байгуулалтад эдгээр компаниуд хэрхэн оролцох талаар тодорхой санал солилцон, 15 мянган хүн амтай болоод байгаа Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд сумын иргэдийн нийгмийн асуудалд анхаарал тавих нь чухал гэдгийг дурьдаж байлаа.

Гишүүд Оюутолгой ордод дөнгөж ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа зэсийн хүдрийн баяжуулах үйлдвэртэй мөн өдөр танилцав. Уг төслийн хувьд нийт 5200 гаруй ажилтантай бөгөөд эдгээрийн 3500 нь орчим Монголчууд байгаа аж. Баяжуулах үйлдвэрт одоогоор 720 мянган тонн зэс, алтны баяжмал төвлөрүүлээд байгаа бөгөөд энэ оны 6-7 дугаар саруудад экспортолж эхлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрийн баяжмалын лаборатори 576 мянган тонн тутамд зэс, алт, мөнгө, молибдены дундаж агуулгыг тооцоолон бодож үнээ тогтоох боломжтой аж. Одоогоор тус үйлдвэр нь дунджаар 27 хувийн зэс болон тонн тутамд дунджаар 10 граммын алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэн тусгай савлан, экспортлоход бэлдээд байгаа юм байна.

Оюутолгойгоос 17 цагт хөдөлсөн баг Гашуун Сухайтын боомтыг дайран Өмнөговь аймгийн бас нэгэн үндэсний бүтээн байгуулалт болох Цагаан Суваргын ордын зүг хөлгийн жолоо заллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш