logo
Дээд боловсролын асуудал хариуцсан агентлаг, судалгааны газар хэрэгтэй байна гэлээ

Дээд боловсролын асуудал хариуцсан агентлаг, судалгааны газар хэрэгтэй байна гэлээ

2013/05/22
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2013-05-21/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд холбогдох салбарын сайд нарт асуулт тавьж хариулт авсан. Тухайлахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Эрүүл мэндийн даатгал, санхүүжилттэй холбоотой тендер будлиулсан гэх маш олон асуудал гарч байгаа гээд, уг асуудлыг зохицуулсан зохицуулалт хуульд тусгагдсан эсэхийг тодруулсан юм. Түүний асуултад Эрүүл мэндийн сайд өгсөн хариултдаа, “Эрүүл мэндийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа Тендерийн хуулиар зохицуулагдаж байгаа. Эрүүл мэндийн хуультай шууд холбогдолгүй . Тиймээс Тендерийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд анхаарах шаардлагатай.” гэлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “ Дэлхий даяар хуурамч эмийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Иймд эмийн худалдаа, чанарт анхаарал хандуулах хэрэгтэй. Цаашид Монгол Улс ямар төрлийн эм дотооддоо үйлдвэрлэх, ямар эмийг импортоор авах асуудлыг тодорхойлох шаардлага байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эм хангамжийн зах зээл дээр хуурамч эмийн худалдаа хичнээн хувь эзэлж байгаа судалгаа байна уу. Мөн эмийн бөөний худалдааны төв дээр яам онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч чанарын баталгаагүй эмүүд орж ирж байна” гэв.

   Шинэчлэлийн засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн нэг гол зорилт нь эмийн аюулгүй байдлыг хангах асуудал. Энэ хүрээнд эмийн чанар аюулгүй байдлыг яаж шинэчлэх бодлогыг тодорхойлсон. Одоогоор Монгол Улс 40 гаруй орноос 140 гаруй эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Жилдээ 160 тэрбум орчим төгрөгийн эмийн зах зээлийн багтаамжтай байна гэж үзэж үүнээс 89 тэрбум төгрөг нь иргэдийн эм хангамжид, үлдсэн нь эмийн сангуудаар дамжин явагдаж байна. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт эм хангамжийн 13 хувь нь чанарын баталгааг хангаагүй байна гэсэн судалгаа гарсан. Эм ханган нийлүүлэх үйл ажиллагаанд хамгийн чанартай, үйлчилгээ сайтай эмийг ханган нийлүүлэх улсын оролцоотой төвлөрсөн эм хангамжийн байгууллага байвал хангамжийн шатанд бар код системийг нэвтрүүлснээр үйлчилгээг сайжруулах чанарын баталгааг хангана гэсэн бодлого барьж ажиллаж байна. Мөн цахим эм олголтыг хэрэгжүүлснээр эм олголтын чанарыг баталгаажуулах арга замыг хуулинд тусгаж байгаа. Монгол Улсад 32 эмийн үйлдвэр ажиллаж байна. Химийн үйлдвэрлэл хөгжсөн газарт эмийн үйлдвэрлэл хөгждөг. Хамгийн сайн чанартай эм үйлдвэрлэж байгаа үйлдвэрийг дэмжих бодлого барьж байна. Түүнчлэн хувь, улсын хосолсон эм хангамжийн үйлдвэрлэлийг мөн дэмжиж ажиллана. Ингэхдээ чанарын өрсөлдөөнөөр тодорхой байр суурь эзэлдэг шударга өрсөлдөөний механизмыг дэмжих шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна “гэсэн хариултыг Н.Удвал сайд өглөө. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь , “Манай улс их, дээд сургуулийн тоогоороо дэлхийд дээгүүрт орж байгаа. Харин дээд сургууль төгсөгчдөөс тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар эзэмшсэн хүн маш цөөн байдаг. Өнөөдөр байшингийн орц, хонгилд хичээл явуулдаг 100 хүрэхгүй оюутантай сургууль нэлээдгүй байна. Мөн аймаг, орон нутагт дээд сургуулийн салбар нэртэй хоёр гурван багштай газар ч байгаа. Иймд дээд боловсролыг бизнес болгож байгааг зогсоовол яасан юм бэ. Олон сая хүн амтай европын улс оронд гарын таван хуруунд багтах их дээд сургууль байдаг. Заавал дээд боловсрол эзэмших шаардлага байна уу. Амьдралдаа хэрэг болох мэргэшил олж авахын оронд чанаргүй диплом олж авах гэж хайран цаг хугацаагаа алдаж байгаад анхаарах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм.

  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, “ Дээд боловсролыг нухчин дарах, хориглох талаас нь явмааргүй байна. Харин олон хүн дээд боловсролд хамрагдахын хирээр сургалтыг чанартай болгох асуудалд анхаарах шаардлагатай. Хүний сурч боловсрох, суралцах сургуулиа сонгох сонголтыг үгүйсгэж болохгүй. Хувийн бизнес муу байна гээд тэднийг шахаж бас болохгүй. Төрийн өмчийн дээд сургуулиуд хүссэн түвшинд хүрээгүй нь тэнд ажиллагсдад хангалттай цалин өгөөгүйтэй холбоотой. Дээд боловсролыг хариуцсан агентлаг, судалгааны газар өнөөдөр байхгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яаманд энэ асуудлыг хариуцсан найман хүн ажиллаж байгаа нь учир дутагдалтай байгаа. Цаашид дээд боловсролд үзүүлэх үйлчилгээ, хяналтыг сайжруулах шаардлага байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулав. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлт болон дэмжигдсэн саналуудыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш