logo
Мэргэжлийн хяналтынханд Иргэний нийгмийнхэн шаардлага хүргүүллээ

Мэргэжлийн хяналтынханд Иргэний нийгмийнхэн шаардлага хүргүүллээ

2013/05/22
Улсын мэргэжлийн хяналтын газрынхан ажлаа хийхгүй, хуулиа хэрэгжүүлэхгүй байгаад Иргэний нийгмийн байгууллагынхан шүүжмлэлтэй хандаж, шаардлага хүргүүлжээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.ГҮНЬБАЗАР ТАНАА

Шаардлага хүргүүлэх тухай

Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Ард олны дунд урт нэртэй хэмээн яригдах болсон “ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай “ Монгол Улсын хууль батлагдсанаас хойш даруй 4 жил өнгөрлөө. Гэвч та  болон танай хамт олон “ . . . байгууллага татан буугдаж удахгүй бүтцийн өөрчлөлт хийгдэнэ . . . “  гэсэн сургаар эрхэлсэн ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж байна. Өнгөрсөн 2012 онд Орхон гол улаанаараа эргэн шавраар урсаж байхад хүн бүр энэ хууль хичнээн ач холбогдолтой чухал хууль болохыг ам уралдан ярьж та бүхэнд ажлаа эрчимжүүлэхийг сануулж байсан. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй, Дархан уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Ерөө сумдын нутаг дахь Өлөнт, Цамхаг,Хүйтэн, Харганат,Могойн голууд сүүлийн 10 гаруй жил шар шавраар урсаж байхад та бүхэн ямарч ажил хийсэнгүй. Дээрх байдал энэ жил ч давтагдаж нэр дурдсан голуудын гольдиролд алт угааж буй хүмүүс хууль зөрчсөн ажлаа аль хэдийнэ эхлүүлээд байхад танай агентлагийн болон орон нутгийн байцаагч нар нүд анин хуйвалдаж энэхүү хууль бус ажиллагааг өөгшүүлсээр байна.   
Налайхын нүүрсний уурхайд өнгөрсөн 20 жилийн хугацаанд 200 гаруй амь насаа алдсаны гурав нь энэ он гарсны дараа осолджээ.  Гэтэл та бүхэн энэ газарт хууль бусаар нүүрс олборлож байгаа үйл ажиллагааг нь таслан зогсоож чаддаггүй юмаа гэхэд, яагаад  ямарч шаардлага хангаагүй “ Уулын ажлын тайлан, төлөвлөгөөг нь” хүлээн авч батлаад байдгийг үнэхээр ойлгохгүй байна. Яг энэ байдал Хан уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хайрганы карьерууд дээр бас давтагдаж байгааг та таслан зогсоож чадахгүй байна.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж танд дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд :
1.    Монгол төрийн хуулийг дээдлэн ажиллах зарчмаа баримтлаж чадахгүй байгаа УМХЕГ-ын Байгал орчин, аялал жуулчлал,геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр болон олон жил бугшсан зарим мэргэжилтнүүдийг нэн даруй өөрчлөх,
2.    Дархан уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Ерөө, Зүүн хараа сумдын байгаль орчны байцаагч нарын ажилд шалгалт хийж арга хэмжээ авах,
3.    Дээрх хүмүүсийг мэргэжлийн удирдлагаар ханган, сэтгэл зүтгэл гарган ажиллаж чадахгүй байгаа тань тодорхой учраас та өөрөө нэн даруй ажлаа өгч Монгол орны байгаль орчинд туслахыг танаас шаардаж энэхүү шаардлагыг хүргүүлж байна.
Монголын төрд бугшсан та бүхэн эх орны минь ариун дагшин байгаль орчинд хичнээн их хор хөнөөл хүргэж байгаагаа ухамсарлан энэхүү шаардлагыг хүлээн авна гэдэгт итгэж байна.

2013 оны 5 дугаар сар 20. Улаанбаатар хот
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш