logo
2011 онд 39846 эх амаржжээ

2011 онд 39846 эх амаржжээ

2011/08/11
Үндэсний статистикийн хорооноос сар бүр  өмнөх сарын дүнг нэгтгэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээг танилцуулдаг. Тэд  уламжлал ёсоор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын түвшинг танилцууллаа.

Төрөлт
Улсын хэмжээнд 2011 оны эхний 7 сард 39846 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 783 эх буюу 2.0 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 40036 болж, 809 хүүхэд буюу 2.1 хувиар өсчээ.

Улсын хэмжээнд 2011 оны эхний долоон сард нэг хүртэлх насандаа 697 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 94 хүүхэд буюу 11.9 хувь, 1-5 хүртэлх насны 149 хүүхэд эндэж, 66 хүүхэд буюу 30.7 хувиар буурчээ.

Ажил эрхлэлт
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны долдугаар сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1376 хүнээр буюу 3.5 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот (2714 хүн), Өвөрхангай (1170), Ховд (1163 хүн), Дархан-Уул (276 хүн), Баян-Өлгий (94 хүн), Булган (76 хүн), Дундговь (65 хүн) аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ.

НДШ төлөлт
Нийгмийн даатгалд 2011 оны эхний долдугаар сард 540.5 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 341.7 мянга буюу 63.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 198.9 мянга буюу 36.8 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 39.1 мянга буюу 7.8 хувь, шимтгэл төлөгч, даатгуулагч аж ахуйн нэгж байгууллагынх 44.5 мянга буюу 15.0 хувиар нэмэгдэж, харин төсөвт байгууллагынх 5.3 мянга буюу 2.6 хувиар буурчээ.

Тэтгэмж ба халамж
 Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний долоон сард 56.2 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 478 хүн буюу 0.9 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 4.7 тэрбум төг буюу 32.5 хувиар нэмэгджээ.

“Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний долоон сард 413.7 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд олгожээ.

Эрүүл мэнд

Халдварт өвчнөөр 2011 оны эхний долоон сард 23.2 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүн буюу 0.1 хувиар буурсаны дотор гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 1980 хүн буюу 84.2 хувь, мөөгөнцөрөөр өвчлөгчдийн тоо 1970 хүн буюу 67.0 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 515 хүн буюу 30.6 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 548 хүн буюу 18.8 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 541 хүн буюу 15.3 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 135 хүн буюу 4.7 хувиар буурчээ.

Гэмт хэрэг
Улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 11377 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 132 хэргээр буюу 1.2 хувиар нэмэгджээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (317), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (99), хүн амын эрүүл мэндийн эсрэг (27), аж ахуйн эсрэг (20) зэрэг гэмт хэрэг буурсан хэдий ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (232), нийгмийн аюулгүй байдлын эсрэг (220), байгаль хамгаалах журмын эсрэг (42), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг (40), захиргааны журмын эсрэг (27), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (18) нэмэгдсэн нь нийт гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний 7 сарын байдлаар 4552 хүн гэмтэж, 714 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 621 буюу 15.8 хувиар өсч, нас барсан хүний тоо 29 буюу 3.9 хувиар буурсан байна.

Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний долоон сард 1083.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төг буюу 6.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-78.2 хувь; талх, ган төмөр хийц, самнасан ноолуур, сүү, хиамны зүйл, жүүс, одон медаль, сүлжмэл эдлэл, архи, амтат ус, ундаа, зүсмэл материал, цемент, хивс, шар айраг, тамхи, бетон зуурмаг, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3 хувиас 8.6 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Тээвэр  
Төмөр замын тээврээр 2011 оны эхний 7 сард 10177.2 мян.т ачаа, давхардсан тоогоор 2177.8 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1240.1 мян.т буюу 13.9 хувь, зорчигчдын тоо 183.2 мян.хүн буюу 9.2 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 7 сард 214.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 53.9 тэрбум төг буюу 33.7 хувиар өсчээ.

Агаарын тээврээр 2011 оны эхний 7 сард 1278.5 т ачаа, давхардсан тоогоор 305.7 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 444.3 т буюу 53.3 хувь, зорчигчдын тоо 100.0 мян.хүн буюу 48.6 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 7 сард 85.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.9 тэрбум төг буюу 39.0 хувиар өсчээ.

Цаг агаар
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2011 оны 7 дугаар сард Архангай аймгийн Цэцэрлэг суманд (141.3 мм) орсон байна. Энэ оны 7 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан суманд хамгийн их дулаан буюу нэмэх 36 хэм, Говь-Алтай аймгийн Алтай суманд хамгийн хүйтэн буюу хасах 0.4 хэм байлаа. Салхины хурд Завхан аймгийн Улиастай суманд 34 м/с хүрчээ.
 
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд 14 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол орчимд 5 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 15 удаа, Баруун дөрвөн замын орчимд 11 удаа, Хархорин захын орчимд 3 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 13-р хороолол орчимд 13 удаа, Баруун дөрвөн замын орчимд 8 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.

Аюулт үзэгдэл ба осол, гэмтэл

Аюулт үзэгдэл, осол 2011 оны эхний 7 сарын байдлаар 2100 удаа гарсны улмаас 146 хүн амь насаа алдаж, 165.3 мян.толгой мал, амьтан хорогджээ.

Энэ оны эхний 7 сард объектын түймэр 1789 удаа, бичил уурхай, нурангины осол 17 удаа, мал, амьтны галзуу өвчин 40 удаа, гол, нуурын усанд унасан осол 55 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш