Чуулганы эхний өдөр дэгийн дагуу чуулганы Ерөнхийлөгч, 5 дэд ерөнхийлөгч, Үндсэн (А, Б), Ерөнхий болон Итгэмжлэлийн хороодын дарга нарыг томилсноор хэлэв. Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн чуулганы Ерөнхийлөгчөөр Япон улсыг төлөөлөн Др. Шигеру Оми ажилаж байгаа бол манай улс энэ удаа Итгэмжлэлийн хорооны гишүүнээр Номхон далаын баруун эргийн бүсийг төлөөлөн Күүк арлын хамт ажиллаж байна.
Чуулганы эхний өдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан илтгэл тавив. Ерөнхий захирлын үндсэн илтгэл 2015 оноос хойшхи дэлхийн хөгжлийн зорилтуудад эрүүл мэндийн асуудлыг голлох байр суурь эзлүүлэх талаарх асуудалд чиглэв. Тэрээр илтгэлдээ Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх чиглэлээр, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэнд, ХДХВ-ийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр гишүүн улсуудын гаргаж байгаа ахиц дэвшлийг талархан сайшаахын зэрэгцээ олсон амжилтаа бататгаж, тавьсан зорилтууддаа хүрэхийг чухалчлаад урьд өмнөхөөс илүү даяаршиж буй эрүүл мэндийн асуудлуудад улс хоорондын нягт хамтын ажиллагаа илүү чухал байгааг онцлов.
Чуулганы хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанд Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа 2015 оноос хойшхи дэлхийн эрүүл мэндийн хөгжлийн зорилтуудын талаар Монгол улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, зорилтын талаар үг хэлэв. Дэд сайд Ж.Амарсанаа хэлсэн үгэндээ Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудад хүрэх чиглэлээр манай улс тодорхой амжилттай ажиллаж байгаа талаар дурьдаад энэ чиглэлээр хүрсэн амжилтаа бататгах, цаашид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой ахиулах чиглэлээр ажиллах шаардлагатай байгааг хэлээд 2015 оноос хойшхи дэлхийн эрүүл мэндийн хөгжлийн зорилтуудад халдварт бус өвчнийг тууштай бууруулах асуудлыг дэлхий нийтийн санаачлага болгон оруулах асуудлыг онцлон, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш, хүртээмжтэйгээр хамруулах зорилтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Жил бүр Дэлхийн эрүүл мэндийн чуулганд хүндэт зочин уригдаж, дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудлаар үг хэлдэг уламжлалын дагуу энэ удаад Африкын Холбооны Комиссын дарга Др. Нкосазана Дламини Зума, Швед Улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны сайд Хатагтай Гунилла Карлсон, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Др.Жим Ён Ким нар хүрэлцэн ирж, үг хэлэв.