logo
Монголчууд “ХААН” сонголтын хаалганд тулж ирлээ

Монголчууд “ХААН” сонголтын хаалганд тулж ирлээ

2013/05/23

Их эртнээс улбаатай олон сайхан монгол бэлгэдлийн нэг нь зүг гаргах бэлгэдэл юм. Цагаан сарын шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд зүгээ л гаргадаг. Хол юманд явах тоолонд тэр өдрийнхөө сайн зүгийг сонгож аян замдаа гардаг. Ердийн амьдралд дорно зүгийг илүү эрхэмлэдэг. Хорвоогийн наран ургаж манддаг учраас дорно зүгийг наран зүг гэж бэлгэшээдэг байх. Басхүү Монгол төрт ёсны ээх наран болсон эзэн богд Чингис маань ч энэхүү наран мандах зүгт төрсөн нь цаанаа учиртай байж мэднэ. Тэгтэл энэхүү зүгт мэндэлсэн Б.Бат-Эрдэнэ хэмээгч идэр залуу нэгэн сайхан монгол эр хүнийг төр улсынхаа Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшүүллээ. Ёс төрөө мэддэг, зөн билэгт монгол түмэн үүнд машид бэлгэшээж байна. Өөр намын эрхшээл дарамтад байдаг хүмүүс хүртэл цаашаа харж залбираад, наашаа харан бөхөлзөж байна. Ингэж орон даяар бэлгэшээх үндэс шалтгаан бий. Монгол Улс сүүлийн хорин гурван жилд дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзжээ. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харваас дандаа сайд, дарга, намын даргын сэнтийд ээнэгшин дассан Ерөнхийлөгчтэй байж, давхар давхар даргалуулсаар өнөөдрийг хүрчээ. Дарга сэтгэлтэн ямарваа албанд очихоороо дарга л байдаг юмсанж. Манай дөрвөн Ерөнхийлөгч ажиллаагүй биш бүр ядартлаа ажилласан. Дарга талаас нь хэмжвэл даамай сайн дарга нар байсан. Гэвч Монголын ард түмэнд монгол төрийн тэргүүний өгөх ёстой хувь хишгийг бүрэн дүүрэн хүртээж чадсангүй. Харамсалтай боловч бас аргагүй учир шалтгаан тэдний тархи толгой дотор нуугдаж хоргодсон байжээ. Түүнийг манай өвөрлөгч нарын хэллэгээр илэрхийлбэл Ерөнхийлөгч гэдэг нь ”бүдүүн” дарга нар, сонгогчид гэдэг нь хүлцэнгүй номхон албатууд л байсан юмсанж. Уул шугамандаа бол иргэнлэг ухааралтай сайн жолоодогч нар байгаасай л гэж иргэд тэднийг сонгодог байсан.

Гэвч тэд ихэнхдээ дарга сэтгэхүйдээ дассан учраас тэр юмсан уу ямар ч гэсэн ард түмэнд амар амгалан агаад гэгээлэг сайхан амьдрал өгч чадсангүй. Өчүүхэн цөөхөн хэсгийг нь хагартал баяжуулаад нөгөө талын хэсгийг “хүн-шалз” болгож үнсэнд шидэж орхисон байна. Эдүгээ нөхцөл байдал эргэх хорвоогийн өдөр хоног өнгөрөх тутам хэцүү болж байгааг ухаарч эхэлсэн эдгээр олон зуун мянган “хүн- шалз” монгол төрийнхөө хуучирч элэгдсэн тархи толгойг эрхбиш солих шаардлагатай болсныг ойлгож, таарч тэнцэх шинэлэг бөгөөд иргэнлэг Ерөнхийлөгчийг эрж хайж байна. Энэ цагийн монгол түмний элэг зүрх юу юунаас өмнө улстөрийн үзэл бодлоор нь айлган сүрдүүлж, ялгаварлан гадуурхдаггүй эх оронтой болохыг л хүсч байна. Энэ зорилгынхоо шаардлага шахалтаар олон мянан монгол иргэн өөр өөрийнхөө өнцгөөс Б.Бат-Эрдэнэ гэдэг нэг л хүнийг харж сонжиж байгаа. Би бас өөрийнхөөрөө л харж байна. Бат- Эрдэнэ бол юуны өмнө мятаршгүй эр зоригтой улстөрийн тэмцэгч гэж харж байна. Чухам үнэнийг хэлэхэд Оюутолгой, Тавантолгой хийгээд онгон дагшин байгаль дэлхий, нутаг орноо өмөөрсөн олон түмний доголон нулимстай сэтгэл оюуны дуудлагаар гарч ирсэн нийгмийн захиалгатай удирдагч мөн гэж ойлгож байна. Оюутолгойн осолтой гэ рээний ар талд ардчилсан Мон- голын эрх чөлөө, тусгаар тогтнолын сүлдэт алтан багана хазайж байна гэдгийг анх түрүүнд олж харсан онгодтой улстөрч гэдгийг онцлог бүхнээс нь онцолж хэлэх байна. Тэр бол Сүхбаатарын намын онгодтой сайн улстөрийн удирдагчийн нэг мөн. Тэр бусдыг үгээр үхүүлж, амаар алж, үнэнийг хөөс болгож гайхуулдаг дуучин хөхөө яавч биш. Ийм шилдэг сайн хүнээ дэвшүүлж чадсан Ардын намын Бага хурлын гишүүдэд олон түмэн баяр хүргэж байгаа. Намынхаа Бага хурлын түвшинд өрсөлдсөн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюун хорол, Д.Лүндээжанцан дөрөв бол дөрвүүлээ энэ намын чарамхийх сайн улстөрч эрхмүүд мөн учраас хоёр зуун мянган гишүүнээс шалгарч тунасан.

Хэн нь ч Ерөнхийлөгч хийж чадах бэлэн зэлэн бэлтгэгдсэн хүмүүс. Ардын нам чадварлаг улстөрчдөөр хангагдсан нам гэдгийг ингэж ард түмэнд харуулсан. Тэр дөрвөөс шалгарч үлдсэн нэр дэвшигч Б.Бат- Эрдэнэ эрх зүйч мэргэжилтэй, тэр тусмаа Үндсэн хуулийн чухал сэдвээр шинжлэх ухааны докторын диссертаци биччихсэн байгаа нь даргын засаглалыг хуулийн засаглалаар солих түүхэн шилжилт хийж байгаа өнөө үед ер бишийн нүдээ олсон сонголт болж байна. Би энэ хүнийг нэр, зүс танихаас цаашгүй. Нүүр тулан уулзаж ярилцсан удаа үгүй. Өөрийг нь андуу эндүүгүй танихын тулд удам судрыг нь эрхбиш сонирхвоос зохилтой мэт санагдлаа. Өвөө эмээ нь Архангайн Цэнхэрийн голоор нутагтай байсныг сонсч мэдсэн учир тэр нутгийнхнаас мэдээлэл олж авах нь илүү амар байв. Би Цэнхэр нутгийн хүргэн юм. Манай хадмууд өвөөгийнхтэй нь олон жил айл хунар явсан гэсэн. Тэрхүү өвөөгийн дансны нэр Лувсандорж, хоч нь “орвоон” , авгайлдаг нэр нь Дарханхай гэдэг байж. Лувсандорж гуай уран дархан хүн бөгөөд ялангуяа монгол цоож хийхдээ гаргуун байжээ. Тэгтэл Лувсандорж гуай Архангайн Цэнхэрийнх биш манай Баянхонгорын Ламын гэ- гээний шавиас ирсэн хүн гэх сураг яриа байна. Манай хадам “Тэр ер нь үнэн байх. Намайг бага байхад манайхан олон жил айл саахалт явсан ч Дарханхайн садан төрөл гэх хүн үзэгдэж харагдаагүй юм байна” гэлээ. Дарханхайн авааль гэргий нь Цэнхэр сумын уугуул Дүгэржав гэдэг өндөр нуруутай дүүхэлзсэн сайхан хүүхэн байсан хэмээн тэд хуучлав. Мөнөөх хоёр хүний овгийг нь олъё гэж бодоод 1933 оны Цэнхэр сумын хүн малын дансыг улсын архиваас шүүлгээд тэндээс олсонгүй. Арга мухардахдаа Түвшрүүлэх сумын 1944 оны дансыг шүүлгэлээ. Гэтэл энэ сумын зургадугаар багт яг тийм нэртэй айл байж байна. 1937 онд Түвшрүүлэхийг анх байгуулахад Цэнхэрийн голын урд биеийн айл өрхүүдийг тийш нь шилжүүлсэн юм шиг байна. Манай хадмынх бас Түвшрүүлэхийнх болсон байна. Түвшрүүлэхийн тэрхүү дансанд Дамбын Лувсандорж 56 настай, гэргий Дамбын Дүгэржав 48 настай, хүү Намшир 14 настай гэжээ. Тэгэхлээр Б.Бат-Эрдэнийн өвөө эмээгийн уугуул нутаг нь Цэнхэрийн гол, үндсэн захиргаа нь Архангайн Түвшрүүлэх сум болж таарлаа. Харин тэдний овоглосон Дамба хэмээх хүний талаар тодорхой мэдээ олж амжсангүй. Лувсандорж гуайнх тун ч гудиггүй зантай, хангай шиг түшигтэй айл байсан гэж Цэнхэрийн голын настайчууд дурсаж байв. “Мөн ч санаа амар улс шүү, ганц эмэгтэй хүүхдээ айлд гуйхаар нь “үгүй” гэж чадсангүй. Яахав хөөрхийс минь, дандаа үр хүүхдийн хүслэн болж явдаг болохоор нь өрөвдөөд Цэрэнхандыгаа үрчлүүлчихлээ. Манайх хоёр бандитай юм чинь, дажгүй ээ гээд сууж байсан” гэж хадам ээж маань хуучиллаа. Ганц бүсгүй хүүхдээ бусдыг өрөвдөхдөө үрчлүүлсэн тухай тэр мэдээ нь миний олохыг хүссэн мэдээ баримт мөн байв. Ингээд л Б.Бат-Эрдэнийн унаган чанарыг ерөнхийд нь мэдээд авчихсан гэж болно. Хониноос хонь, чононоос чоно, сайн хүнээс сайн хүн л гардаг нь биднээс үл хамаарах байга лийн давагдашгүй хууль. Тий- мээс бидний монголчууд ”Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг төрдөг” хэмээн удам судрыг онцолж үздэг. Чингэхлээр Б.Бат-Эрдэнэ бол дээр цухас дурдсан өвөө эмээ хоёртойгоо адил төстэй гудиггүй шаргуу хүн байж таарна. Удам судар хэмээх байгалийн нэвтэрхий толь нь ийм үг хэлж өглөө.

Хүн худлаа хэлж болно. Байгаль худлаа хэлэхгүй. Бадмаанямбуу нь Орвоон Дарханхайн ууган хүү бөгөөд цэрэгт яваад Хэнтийд алба хааж байгаад Өмнөдэлгэр сумын уугуул нэгэн бүсгүйтэй гэрлэн тэр нутгийн айл болсон гэхээс илүү мэдээ сэлт надад үгүй байна. Улстөр, оюун санааны төлөвшлийг Ардын намын журмын олон нөхөд нь их сайн мэддэг юм байна. Тэд мэдэхгүй бол өөр хэн тэгтэл мэдэхсэн билээ. Б.Бат- Эрдэнэ хэмээх энэ хөдөлмөрийн баатар нь эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолдоо ижилгүй халуун хайртайгаа юуны өмнө Оюутолгойн согогтой гэрээг сайжруулахын төлөө мятаршгүй тэмцлээр нэгэнт нотолсон гэж байна. Монголыг хүн нь бус энэ их алт,зэс, уран, нүүрс төмөр, нефть зэрэг баялаг нь л егүүтгэж магадгүй гэж хэзээ ямагт сэрэмжилж явдаг нэгэн аж. Тийнхүү танигдсан учраас тэр хүнийг түшиж байсан цагт эх орноо гадаадынханд худалдчихаж магадгүй хэмээн айж түгшихийн зовлонгүй амар тайван амь зууцгааж болно гэлцэж байна. Энэ бол үнэн чанартаа орчин үеийн төр тэргүүлэх хүнд жинхэнээсээ итгэж болох эсэхийн гол хэмжүүр мөн буюу. Монгол хэл соёлоо голно, солино гэсэн сэтгэл оюун түүнд даан ч байхгүй гэнэ. Танил тал хийгээд хамт олны үнэлэмжийн яриа хөөрөөнөөс гадна автобус, таксины дотор болдог ам халсан яриа гэж нэг айхтар нөлөөтэй мэдээллийн эх сурвалж бий. Тавь эргэм насны нэгэн жолооч эр “Одооны энэ худалч нөхрөөс салж байвал хэн байсан ч хамаа алга, сонгоно оо. . Харин аваргын маань өнөөх англи хэл гэдэг гайхал нь хэр байдаг бол оо?” хэмээн сэтгэл зовних аядлаа. Миний бодоход энэ бол манайхны олон хүний сэтгэлийн мухарт байгаа их л чухал мэдээлэл байх. Би буруу зөвийг ялгадаг багштан биш. Тэгээд ч намайг сонсох хүн хаана байгаа сан билээ. Харин тэгэхдээ хувийн бодол бий. Англи хэл л гэлцэх юм. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй байлгүй яахав. Харин Төрийн тэргүүний хувьд бол огт падгүй зүйл. Ер нь АНУ-ын Буш, Обама, Оросын Путин монгол хүнтэй монголоор биш англиар, оросоор л ярьдаг бус уу.

Монголчууд бусдаас хэл гуйхаар гуйлгачин юм гэж үү. Бусдад бахархах аялгуут сайхан монгол хэлтэй сэн Их жанжин Д.Сүхбаатарын санаачилсан үндэсний өдөр тутмын анхдагч сонин биш билүү. Америк Орос, Хятад зэрэг их гүрний дээрэнгүй үзлийг тэд өөрсдөө биш, америкжсан, оросжсон, хятадчилагдсан монгол- чууд л наагуур нь гайхуулж дэглэдэг бус уу. Монголчууд бид энэчлэн өөрсдийгөө ичих нүүргүй доош нь жийж, доромжилдог увайгүй зангаа эртхэн татвал дээр байлгүй. Би ингэж тэрсүүд юм яриад жолооч бид хоёр санаа нийлж тохиролцсон. Манай энэхүү нэр дэвшигч маань барилдвал бяртай, хэлэлцвэл цэцтэй, онолдвол номтой нэгэн гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Энэ хэдхэн шинж байдлаас харахад Монгол төрийн иргэнлэг угшилтай тэргүүн байхад хэрэгтэй бүх эрхэм чанар түүнд цогцлон бүрджээ. Тэр хүн бол аав ээжээс төрснөөрөө аварга бөх, Ардын намаас төрснөөрөө шулуун шударга улстөрч болсон юм байна. Наадмын дэвжээнд ч, намын тэмцэлд ч зөвхөн барьцаа хангаж байж л даваа авдаг цөлх ухаантай нэгэн. Б.Бат-Эрдэнэ хэрвээ энэ сонгуульд олонхийн санал авбаас улс төрийн хүрээн дэх нэг намын монополь дарангуйлал яалт ч үгүй зад үсэрч, тэр хэмжээгээр айдас хүйдэс, хардаж сэрдэх сэтгэлгээ тавирах болно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манай бүх амьдралын салбар хүрээг хамран ноёрхсон улстөрийн хүчирхийллийн ган тайлагдаж, хатаж гандсан ардчиллын навч нахиа дахин сэргэж амилах байлгүй. Миний бодлоор энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн номер нэг асуудал. Монгол орон ялгаварлан гадуурхдаггүй, орон болох эс болох нь зөвхөн үүнээс л шалтгаална. Сайн цагийн түрүүч дохио зангаагаа өгч байх шиг бай на шүү, хөгшөөн гэлцэн настан буур- лууд бувар бувар хөөрөлдөн хөөрөг тамхиа зөрүүлж суугаа нь зөвхөн зөн совин, сэрүүн зүүд бус ирэх яваа цагийн цагаан тусгал. Юутай ч гэсэн Монголын ард түмэн “хаан” сонголтын хаалган дээр тулж ирлээ. Гадуурхагдан эзэнгүйдсэн ард ол- ны хийморь сүлд гэж байдаг л юм бол энэ удаагийн улстөрийн наа дам Б.Бат-Эрдэнийх болох болов уу.

Х.ЦЭВЛЭЭ
/Соёлын гавьяат зүтгэлтэн/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш