Ази,номхон далайн орнуудын хөгжлийн санхүүгийн байгууллагын хуралдаан Улаанбаатарт эхэллээ. Дэлхийн хөгжлийг тэргүүлэн түүчээлж байгаа тус бүсийн орнуудын хөгжлийн бодлого боловсруулагчид, санхүүгийн байгууллагынхан манай оронд хүрэлцэн ирж санал бодол, туршлагаа солилцох болсонд таатай байна гэж хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Томоохон төслүүд эхлүүлж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж буй Монгол Улс бизнес эрхлэлтийн болон авлигын эсрэг индексээр хамгийн их дэвшил гаргаж буй орны нэгээр нэрлэгдсэнийг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Байгалийн арвин баялагтай, өнө эртний түүх соёлтой, ард иргэд нь боловсрол чадвартай, ардчилсан нээлттэй манай улс бүс нутагтаа эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлэх бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгодгийг ч тэмдэглэлээ. Бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг, байр суурь өссөөр байгаагийн нэг илрэл бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдахдаа гаргасан хэд хэдэн санаачилга өндрөөр үнэлэгдсэн явдал юм гэлээ.
Энэхүү нэр хүндтэй хурлын төлөөлөгчдийг хурдацтай хөгжлийн гараан дээр ирсэн, олон улсын тавцанд гүйцэтгэх үүрэг, байр суурь нь улам бүр өссөөр байгаа Монгол Улсын хэрэгжүүлж эхэлсэн болон төлөвлөсөн томоохон төслүүдтэй газар дээр нь танилцахыг урилаа.
Хуралдаанд холбооны гишүүн 34 орны 100 гаруй төлөөлөгч оролцож,хөгжлийн санхүүгийн байгууллагуудад тулгарч буй асуудлууд, жижиг дунд бизнесийн санхүүжилтийн талаар гурван өдрийн турш хэлэлцэнэ. Хурлын хүрээнд зохион байгуулагч МҮХАҮТ-ын саналаар зээлийн хүүгийн бодлогын талаар тусгай хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.