Амьтан хамгаалагч хүүхэд, залуучуудын клубээс санаачлан өсвөр үеийнхний дунд бямба гаригийн эко аяллыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэхүү байгууллага нь хүүхэд, залуучуудад байгаль дэлхийгээ хайрлах үзэл санаа, ёс суртахууныг төлөвшүүлэх зорилготойгоор дөрвөн жилийн өмнө байгуулагдсан байна. Амьтан тэжээх, мод цэцэг тарих сонирхолтой 6-17 нас ны хүүхдүүдийг эгнээндээ нэгтгэн, тэдэнд зөвлөгөө өгч, төрөл бүрийн сургалт зохион байгуулахын зэрэгцээ гишүүдээрээ дамжуулан бусдад үлгэр дуурайл үзүүлж буй тэд анхны эко аяллаа энэ долоо хоногт хийх юм байна. Урин дулаан цаг айлчилсан энэ үед хүүхэд, багачуудыг салхинд гаргангаа малчин айлд зочлуулан, монгол ахуйтай танилцуулах аялалд оролцогчид Улаанбаатар-Монгол номадик-Улаанбаатар гэсэн маршрутын дагуу автобусаар аялах аж. Түүнчлэн ирэх долоо хоногийн бямба гариг буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Амьтан хамгаалагч хүүхэд залуучуудын клубийнхэн тусгай хөтөлбөр бүхий эко аяллыг зохиох гэнэ.