logo
Ил задгай худалдааг зогсоолоо

Ил задгай худалдааг зогсоолоо

2013/05/24
Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал ихэсдэг билээ.

     Хан-Уул дүүргийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн тэргүүн н.Пүрэвдаваа, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Нарантуяа, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, 2 дугаар хорооны Засаг дарга Ч.Наранцэцэг  нартай хамтран ил задгай худалдаа ихээр гардаг дүүргийн 2 дугаар хорооны Жаргалант үйлчилгээний төв, Ажилчны алдар талбай, автобусны буудал, 1 дүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын ойр орчимд 2013 оны 05-р сарын 17-ны өдөр хяналт, шалгалтыг явууллаа. Шалгалтаар гарал үүслийн гэрчилгээгүй, жин баталгаагүй, хог хаягдалаа ил задгай хаядаг, түргэн муудах жимс жимсгэнэ зарж, борлуулж байгаа зөрчил илэрлээ.

    Иймээс сүүдрэвчтэй болон машинт 6 цэгийн үйл ажиллагааг зогсоох, орчны цэвэрлэгээ, хог хаягдлыг цэвэрлэх талаар хугацаатай албан даалгавар өгч, цаашид хяналт тавьж ажиллах талаар холбогдох албан тушаалтанд үүрэг өгч ажиллаа.

    Хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна эрүүл мэнд, амь насанд аюултай. Иймд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

"ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш