logo
Хачигт халдвараас сэргийлье!

Хачигт халдвараас сэргийлье!

2013/05/24

Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг. Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462  зүйл хачиг байдаг нь тэмдэглэгдсэн. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд  дамжуулдаг. 

Иймд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг. Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэд хачигт хазуулсаны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хачигт энцефалит ба  хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцефалитын хүнд хэлбэрийн үед хол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдаг тул тээвэрлэхгүй байх хэрэгтэй.


Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:

  • Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм.
  • Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх нь зүйтэй.
  • Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях.
  • Үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м
  • Биед шигдсэн хачгийг зөв авах: Хачиг хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна.  Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.
  • Голомттой газарт явахдаа мал, амьтаны түүхий сүү, цус, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх


Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

  • Хачигт энцефалитийн эсрэг вакциныг Зоонозын өвчин судлалын төвд хийдэг.
  • Хачигт хазуулсан тохиолдолд антибиотикаар урьдчилан сэргийлэлтийг 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэдэг.  

 

 ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХЯНАЛТЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш