Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2013.05.23/ хуралдан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу бэлтгэсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэсний дагуу хураалгахаар бэлтгэсэн саналын томьёоллуудыг танилцууллаа.
Нийт 10 саналын томьёололоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн үзэв.
Мөн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос болон Ажлын хэсгийн хуралдааны үеэр санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн саналыг Ажлын хэсгээс танилцуулсан бөгөөд тэрхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.