logo
Хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа үдээс өмнөх хуралдаанаар шийдвэрлэв

Хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа үдээс өмнөх хуралдаанаар шийдвэрлэв

2013/05/24
Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

  Дараа нь Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

   Байнгын хорооны гишүүдээс хуулийн нэрийг “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 төсвийн төсөөллийн тухай” гэж өөрчлөх, үүнтэй уялдуулан Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн” гэснийг “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн...” гэж, “Хэрэглээний үнийн индексийн түвшин” гэсэн үзүүлэлтийг “Хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин” гэж өөрчлөхөөр гаргасан саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. Ийнхүү Улсын Их Хурлын чуулганаас хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

   Чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авав. Инфляцийн түвшинг 6 хувьд барихад мөнгөний бодлогын ямар арга хэрэгслийг хэрэглэх, “Чингис” бондын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг яаж зохицуулах гэж байгаа, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа, эдийн засгийн өсөлтөөс бий болох орлогын хуваарилалт ямар байх, Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд 2014 онд хир хөрөнгө мөнгө тусгагдсан зэрэг асуулт тавьж илтгэгчдээс хариулт авав. Ингээд гишүүдийн 75 хувийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэв.

   Хуралдаанаар дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд хөндөгдөж орж ирсэн барааны кодыг шинэчилсэн кодын дагуу өөрчлөх, мөн төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх, тогтоолын хэрэгжих хугацааг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тогтоох саналыг гишүүд олонхийн саналаар дэмжлээ.

   Мөн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай“ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж хуулиудад их өөрчлөлт оруулж байгаа нь тогтсон хэв маяг, хуулиудыг тогтвортой мөрдөх зарчмыг алдагдуулж байгаад Улсын Их Хурлын гишүүдийн анхаарлыг хандууллаа.

   Дээрх асуудлыг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 50 нь буюу 96,2 хувь нь дэмжлээ.

   Дараа нь “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрөөтэй санал гараагүй, байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцулав. УИХ-ын гишүүдийн 58,8 хувь нь дэмжсэнээр уг тогтоол батлагдлаа.

  Үүний дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

   Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг Монгол судлалын номын сан, мэдээллийн нэгдсэн сан байгуулж баяжуулах, монгол судлаач бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох, гадаад дахь Монгол судлалын төвүүдийг хөгжүүлэх, сэргээх, шинээр байгуулах, монголч эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зориулалтаар зарцуулах зэрэг Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар илтгэлдээ танилцуулав.

   Илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд гадаадын монгол судлаач эрдэмтэд ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх гэж байгаа, төсвөөс санхүүждэг сангуудын хөрөнгийн зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг зэрэг асуулт тавьж хариулт авав.

   Улсын Их Хурлын гишүүд уг асуудлын анхны хэлэлцүүлгийг хийснээр өнөөдрийн чуулганы хуралдаан ажлаа өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш