“Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний хүрээнд 103-р тогтоолын хэрэгжилтийн явц болон түүнийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох журам”-ын танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь Засгийн газрын 103-р тогтоолын дагуу эхний ээлжинд худалдан авахаар заасан дотоодын үйлдвэрийн 38 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 36 нэр төрлийг худалдан авсан байна. Нийт хэрэгцээний 76,3 хувийг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр, 23,7 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангасан байна. “Нийслэлийн хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох журам” нь нийслэлд улсын болон төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг давуу эрхээр худалдан авах зорилготой юм. Ингэснээр бараа үйлчилгээ худалдан авах шалгаруулалт бүрт дотоодын эрхийг давууд тооцох, нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд хэрэглэгдэх гол нэрийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчээс худалдан авах, нутгийн захиргааны байгууллагуудын хэрэгцээт бараа ажил үйлчилгээний жагсаалтыг НИТХ-аар батлуулж, гэрээг зөвхөн дотоодын үйлдвэрлэгчтэй байгуулж байхаар тусгасан юм. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх бөгөөд төсөв нэмэгдэхэд ажилгүйчүүдийн тоо буурч байх ёстой. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, “Монголд үйлдвэрлэв” гэсэн гарал үүслийн гэрчилгээтэй бол үндэсний үйлдвэрлэгч гэж ойлгох хэрэгтэй гэдгийг Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Гишүүд асуудлыг хэлэлцээд төсвийн бодлогоор дэмжин ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.