logo
Цахим архивын төсөл хэрэгжихээр боллоо

Цахим архивын төсөл хэрэгжихээр боллоо

2013/05/25
Төрийн архив гэдэг бол тухайн улс үндэстний түүхэн ой санамж бөгөөд энэ  нь нийгмийн үнэт баялаг төдийгүй мэдээллийн чухал нөөц, эх сурвалж болж үлддэг. Мэдээллийн эрин зуун хөгжсөн энэ үед ихэнх улс орны архив цахим хэлбэрт шилжсэн. Тиймээс нийслэлийн архивын санд хадгалагдаж байгаа баримт материалыг цахимжуулах төслийг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа дарга танилцууллаа.
Төрийн архив нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүхэн баримтыг улс нийгмийн болон эрдэм шинжилгээ, судалгааны зорилгод өргөн хүрээтэй ашиглуулж, байгууллага, иргэдэд архивын мэдээллээр шуурхай үйлчлэх үндсэн үүрэгтэй.
Энэ төсөл нь  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлт”-ийн ажилд нэгдсэн програм хангамжийг хэрэгжүүлэх бөгөөд програмын тусламжтайгаар төрийн архивын нэгдсэн бааз үүсгэн, цахим хэрэглээнд нэвтрүүлэн шат дараатайгаар тодорхой хугацаанд хэрэгжинэ. Ингэснээр 1924 оноос хойш өнөөдрийг хүртэлх төрийн байгуулагуудын түүхийг илтгэх 266 хөмрөгийн 19,5 орчим сая хуудас архивын баримтыг цахим хэлбэрээр хадгалах боломж бүрдэх юм.
Нийслэлийн архивын газар иргэд, байгууллагуудад цаасан баримтаас жилд дунджаар 4138 лавлагаа гаргаж өгдөгөөс 990 буюу 24 хувийнх нь хариу олддоггүй байна.  Лавлагааны ажилтан өдөрт 17 лавлагааны хариуг өгдөг бол баримтуудыг тоон хэлбэрт хувиргаад эрэлт хайлт нь боловсронгуй болчихвол 1 лавлагааг 5 минутад, өдөрт 96 лавлагааны хариу өгөх боломжтой болох юм.
 “Нийслэлийн цахим архив” төслийг хэрэгжүүлэхэд 3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнд програм хангамж, урсгал зардал, тоног төхөөрөмж суурилуулалт, боловсон хүчний  зардал багтаан тооцжээ. 51 ажилтан гэрээгээр ажиллуулан, цаасан баримтыг 2 жилийн дотор тоон хэлбэрт оруулах бөгөөд  2014-2015 онд төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгуулахаар шийдвэрлэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш